Тод мэдээ
Энэ хаврын нөөцийн мах чанаргүй, хэт үнэтэй гарсан гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын удирдлага, нийслэлээс сонгогдсон зарим гишүүдэд хандан өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон билээ.
Өгсөн үүргийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд (2023.04.30) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим зах, худалдааны төвүүдэд ажиллалаа.
Байнгын хороодын дарга, гишүүд эхлээд Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцлаа. “Хүчит шонхор” захад хонины ястай мах 11000-13000 төгрөг, үхрийн ястай мах 13000-15000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Махны үнийн өсөлтийн талаар худалдаа эрхлэгчид хэлэхдээ, жил бүрийн хаврын улиралд шинэ махны нийлүүлэлт эрс багасдаг учир үнэ бага зэрэг өсдөг гэлээ.
Түүнчлэн энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, энэ хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй, БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ. Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг гэж байв. Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махан дээр нэг кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг байна.
“Хүчит шонхор” захад махны нийлүүлэлт хэвийн үедээ өдөрт 100-150 тонн борлуулагддаг бол өнөөдрийн байдлаар өдөрт 20-30 тонн мах борлуулагдаж байгаа гэнэ. Энэ нь нийслэлийнхний махны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн үг юм. Энэ хомсдолыг нөөцийн махаар нөхөх учиртай ч энэ хаврын нөөцийн махны чанарын шаардлага хангахгүйн дээр үнэтэй байгаа нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд намар мах нөөцлөхдөө журмын дагуу бус “Хүчит шонхор” зах дээр борлуулагдаагүй үлдсэн муу махыг авч нөөцөлдөг гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай мах кг нь 10700, хонины ястай мах кг нь 8600 төгрөгөөр борлуулагдаж байна.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавартаа бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Мах, гурил, гол нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жил хэт өсөлттэй байгаа нь иргэдийн амьдралд тулгамдаад байгаа гол асуудал болсон гэдгийг “Сант марал” сангийн судалгаанаас харж болно. Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Нөөцийн махыг ном журмаар нь бэлтгэж чадвал жил бүрийн хавар махны үнийг хөөргөдөлгүй барих боломжтой гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, заасан журмын дагуу ажиллуулдаг болох тал дээр анхаарал хандуулах шаардлага үүссэн байна” гэв.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл