Тод мэдээ
ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл, Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 2023 оны УИХ-ын хаврын чуулганы Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг баталлаа.
Түүний дараа Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийн талаар танилцуусан юм. Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл нь "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд өрхийн орлого нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон гээд төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагаас 2024 онд хэрэгжүүлэхээр нийтдээ 80.2 их наяд төгрөг бүхий 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн.
Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 8 бодлогын тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээнд нийтдээ 13.4 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс, улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.6 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн боловсрууллаа хэмээн танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь эдийн засгийн өсөлтөд таатай боломж бүрдсэн. Энэхүү өсөлтөөр өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж хэр бүрдэж байна вэ, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх буюу боловсруулах үйлдвэрлэл байгуулах талд ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан вэ, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Улаанбаатар төмөр замын шинэчлэл хэрхэн хийх вэ зэрэг асуултуудыг асуув.
Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, ирэх онд эдийн засаг 6-7 хувиар өснө гэж тооцоолж байна. Өнгөрсөн жилүүдийн цар тахлын нөлөөгөөр хөдөө орон нутгийн иргэдийн орлого 15,6 хувиар буурсан. Уул уурхайн өгөөжийг хүртээх бодлогоос нэн тэргүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэх бодлого баримталж байна. Ямар ч нөхцөлд цалин, тэтгэврийг нэмэхгүй бол түүнээс гарах сөрөг үр дагавар маш их байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, нүүрс угаах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах зэрэг үйлдвэр байгуулах төслүүд хэрэгжиж байна. Улаанбаатар төмөр зам бизнесийн зарчмаар ажиллах ёстой. 2024 онд тус төмөр замын шинэчлэл хийгдэнэ гэж хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүд Дарханы арьс ширний цогцолбор, Алтанбулаг чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил олон жил яригдсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа тухай, аялал жуучлалыг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх талаар 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон заалтууд тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандаж байв.
Эдийн засгийн хөгжлийн нэг гарц бол эрчим хүч буюу дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн. Гэхдээ эрчим хүчний тарифийн шинэчлэлийг хийхгүйгээр цааш явах боломжгүй гэж Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв.
Мөн дулааны цахилгаан станц барих хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа талаар онцолж, бусад эрчим хүчний үүсвэрийг судалж буй тухай танилцуулсан.
Гэхдээ хүрэн нүүрст түшиглэсэн цахилгаан станц барих санхүүжилт олох магадал маш бага. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан “ногоон” хөрөнгө оруулалтыг чухалчилж байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Батлут, Т.Энхтүвшин, Т.Доржханд нарын гишүүд гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн дулааны цахилгаан станц барих, боомт дагасан зам, суурьшлын бүсийг хөгжүүлэхэд ямар бодлого чиглэл баримталж буй талаар асууж байв.
Ч.Хүрэлбаатар сайд, гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхсон хэвээр байгаа. Гэхдээ хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын салбараа зөв тодорхойлох зэрэг биднээс шалтгаалах асуудал бий. Мөн Монгол Улс дэлхийн зах зээлд зэсийн гол тоглогч хэвээр байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Гэхдээ мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг онцгойлон анхаарна гэв. Асуулт, хариут өндөрлөсний дараа Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг үзэл баримлалтын хувьд дэмжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Эдийн засгийн байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Улсын Их Хурлын даргын 2022 оны 198 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт авч хэрэгжүүлэх арга хэмжээг даалгав.
Тухайлбал, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэж, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох саналыг aвч ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн ойлголт, талуудын оролцоо, олон нийтийн хяналт, өмчийн удирдлагын талаарх баримт, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн түгээх, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, төрийн өмчийн компанийг байгуулах, удирдлага зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, ногдол ашгийг хэрхэн хуваарилдаг талаарх гадаад орны сайн туршлагыг судалж, хуулийн төсөлд тусгах зэрэг үүрэг даалгаврыг өгч, тогтоолын төслийг баталлаа.
Түүний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав. Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төслийг баталсан.
Тухайлбал, Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тоггоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хоёрдугаарт, зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг бүрэн хамруулах, холбох, нэвтрүүлэлт хийх, зөвшөөрлийн нэгдсэн сангийн цахим системийг үүсгэх, хөгжүүлэх, хяналт тавих, цахим системийн мэдээллийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлж, тайланг Улсын Их Хуралд 2023 оны 10 дугаар сард багтаан танилцуулахаар тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.
Тус тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хөрөнгийн зах зээлийн өсөлт нэмэгдэж байна. Энэ өсөлтийг хэрхэн хадгалах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Хөрөнгийн биржийн бүртгэл тайланг ил тод байх зэрэгт Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Төлөөлөн удирдах зөвлөл буюу шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос журам гарган мөрдүүлж эхэлжээ. Мөн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр зохих хуулийн хэрэгжилтийг хангуулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль эрх зүйн орчинг сайжруулахад ажиллаж байгаа талаараа Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын хэсгээс хариулж байв.
Түүний дараа Үндэсний статистикийн хорооны мөн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Үндэсний статистикийн хорооны дарга Д.Батдаваа тайлангаа танилцууллаа. Тэрбээр, бид ирэх жилүүдийн зорилго, зорилтоо тодорхойлсон “Статистикийн салбарын 2021-2025 оны стратеги төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна гээд үйл ажиллагаагаа цахимжуулах зорилт тавьж, статистикийн мэдээллийг эрхлэн гаргах арга ажиллагааг бүрэн автоматжуулаж, тооллого, судалгааны мэдээллийг утсаар болон веб аппликейшнээр цуглуулах аргыг ашиглан цуглуулж, мэдээллийн чанарыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна гэв.
Тэрбээр цааш нь хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 297.0 мянган өрх, 2.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан тухай танилцуулсан. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлснээр “Open Data Watch” олон улсын байгууллагаас дэлхийн 192 орны статистикийн байгууллагуудын мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлыг үнэлсэн 2022 оны үнэлгээгээр Монгол Улс Зүүн Азийн бүсэд тэргүүлж, дэлхийд 8 дугаар байрт орсон амжилт гаргасан гэв.
Мөн 2023 онд төрийн байгууллагуудад байгаа нэгдсэн стандартгүй, уялдаагүй салангид мэдээллийн сангуудыг уялдуулах, холбож нэгтгэх замаар төрийн өгөгдлийн нэгдсэн санг бий болгох төслийг хэрэгжүүлж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, статистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавх бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2022 оны ажлын тайланг тодорхой хэмжээгээр үнэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
СХД-ийн 27 дугаар хороо, "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм.
Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Энэ үеэр:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Тод мэдээ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 412 сая төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
-
Өнөөдөр2019/05/28
Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хо...
-
Өнөөдөр2025/03/17
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ
-
Тод зураг2019/07/29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2024/10/29
Олон улс, орон нутгийн нислэг өвлийн хуваарьт шилжлээ