Үйл явдал
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхэллээ
Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 13-ны Баасан гарагийн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Иймд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 15, найруулгын 2, Байнгын хорооны дэмжээгүй 2 саналаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 20, найруулгын 3, хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн 1 саналаар нэрбүрчлэн санал хураалт явууллаа.
Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 13, найруулгын 2, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн саналуудаар нэрбүрчлэн санал хураалт явуулсан.
Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.
Иймд хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийжээ. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт бэлтгэсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал хураалгах шаардлагатай гэж үзсэн, хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах талаар өгсөн чиглэл, мөн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн сонгуулийн маргаан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох зарим асуудлаар Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаасан болохыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, тодруулга хийв. Тэрбээр тодорхой хүнд зориулсан эрх зүйн зохицуулалт төсөлд бий эсэх, сонгуулийн үеэр цахим орчныг хянах талаар тодруулга хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулахдаа, төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх агуулга бүхий саналын томъёолол гаргасан нь дэмжигдсэн. Өнөөдөр Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулах үеэрээ уг асуудлыг дахин хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн яг энэ асуудлаар гаргаж байсан 2008 оны дүгнэлтийн талаар хэлэлцээд дээрх заалтыг хасах санал оруулж, 2/3 дэмжлэг авсан гэлээ. Цахим орчныг хянах, хязгаарлах асуудлыг төсөлд огт тусгаагүй бөгөөд сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлсэн болохыг тайлбарласан юм. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим сайт нь бүртгэлтэй, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийнэ гэсэн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэлээ.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллын 7 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Хуралдааны явцад Улсын Их Хурлын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгснөөр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2023/11/08
Хятадын зүүн хойд хэсгээр их хэмжээний цас орж, улбар шар өнгийн түгшүүр зарлажэ...
-
Дэлхий нийтээр..2024/09/16
Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдө...
-
Дэлхий нийтээр..2020/09/18
Талархал
-
Үйл явдал2021/08/25
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт...
