Тод индэр
Э.Хонгороо: Өөрийгөө таньсан хүн нийгэмд нөлөөлж чадна

Ч.ҮЛ-ОЛДОХ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт АНУ-ын нөлөөллийн академийн сертификаттай цорын ганц Ази хүн, сургагч багш Э.Хонгороог урьж ярилцлаа.
-Хүмүүс бусдын нөлөөнд орчих вий гэхээс илүү өөрөө нөлөөлөгч байхыг илүүтэй хүсдэг. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд 20 гаруй жилийн турш энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг. Харин дэлхий нийт нөлөөллийн тухай анх 2013 оноос хойш ярих болсон. Их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөртөө оруулж, бүх салбарт нөлөөлөл, манлайллын талаар түлхүү ярьж эхэлсэн. Монголд сүүлийн жилүүдэд энэ талаар сонирхож, Дейл Карнеги болон гадаадын сурган хүмүүжүүлэгч, сэтгэлзүйчдийн ном бүтээлүүдийг орчуулах болсон.
Гэхдээ Дейл Карнегийн номууд бусдад яаж таалагдах вэ гэх юм уу, их төлөв эсрэг хүндээ чиглэсэн, нөгөө хүн юу бодож байна, юунд дуртай байна вэ гэдгийг хардаг. Тэгвэл нөлөөлөх гэдэг нь би хэн бэ гэдгээ таних, өөрийгөө бусдад ойлгуулах хувь хүний зүгээс өөрийн дотоод руу чиглэсэн ойлголт юм.
ӨӨРИЙГӨӨ ТАНЬСАН ХҮН ХҮЧИРХЭГ БАЙДАГ
Блиц
Боловсрол:
-Америкийн Вашингтон Лий ахлах сургууль төгссөн.
-Эм ай Ю олон улсын дээд сургуульд бакалавр хамгаалсан.
-Америкийн нөлөөллийн академид нөлөөллийн сургагч багш чиглэлээр суралцсан.
Ажилласан байдал:
2012 – 2013 онд: Глобал удирдагч дээд сургуульд англи хэлний багш
2013-2019 онд: Афтер скүл англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2014-2015 онд: Севен телевизэд программын албаны дарга
2015-2018 онд: Севен телевизэд Гүйцэтгэх захирал
2018-2019 онд: Нөлөөллийн чиглэлээр олон улсад заах эрхтэй сургагч багш
-Өөрийгөө таньсан хүн бол маш хүчирхэг бие хүн, нийгмийн нөлөөлөгч байдаг. Өөрийгөө таньсны эцэст итгэл үнэмшлээрээ бусдыг дагуулах ч юм уу нөлөөлөх тухай ойлголт юм. Олон хүн нөлөөлөгч гэхээр олны танил хүн, дуучин, од гэж ойлгодог. Гэтэл тэд нөлөөлөх чадвараас 1-2-ыг нь л эзэмшсэн байдаг болохоос сонгодог утгаараа нөлөөлөгч биш. Иймд дэлхийн хөгжилтэй орнуудын хүүхэд залуус нөлөөлөгч болохын тулд суралцдаг болсон. Нөлөөлөгч болно гэдэг ахисан түвшинд очиж байна гэж ойлгож болох юм. Энгийнээр хэлэхэд, хүнд нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин гэж байдаг бол дараагийн шатанд очиж байна гэсэн үг. Энэ нь дүр эсгэх биш, хэн нэгэн болж өөрчлөгдөж буй юм биш өөрийнхөө дотоод хэн бэ гэдгээрээ, өөрийн байгаагаар, үзэл бодол, үнэт зүйлээрээ бусдад нөлөөлөх юм. Түүнээс нийгэмд, бусдад тааруулах гэж дүр эсгэж, дүр бүтээх биш юм. Миний хувьд олон улсад заах эрхтэй сургагч багш. Нөгөө талаар нөлөөллийн чиглэлээр сургалт явуулах эрхтэй Азидаа цор ганц хүн байгаа. АНУ-ын нөлөөллийн академи дахиж сургагч багш бэлтгэхгүй байгаа учраас над дээр өөр сургагч багш нэмэгдээгүй. Тухайн хүн байсан ч өөрөө хүсвэл бид түүнийг нийгэмдээ нөлөөлөгч болгохын төлөө сургаж, заана.
МОНГОЛЧУУД ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙГЭЭС ТУЙЛШИРДАГ
-Монголчуудыг туйршрамтгай. Бие биеэ дууриадаг гэлцдэг. Үнэхээр ийм байгаа. Олон ажлыг хийж үзэх боломжгүйгээс ч юм уу, бүгд Удирдлагын академид орж бизнесийн удирдлагаар сурдаг ч юм уу, ийм байдал давтагдаж ирсэн. Би юу хийх ёстой вэ, би юуг илүү сайн хийж чадах вэ, эсвэл би юу хийж чадахгүй вэ гэдгээ мэдэхгүй учраас туйлширдаг. Жишээ нь нэг хүн гоё ганган хувцас өмчихвөл тэрийг дууриагаад аваад өмсчихдөг. Гэтэл тэр хүнд зохиж байгаа хувцас өөрт нь зохихгүй байж болно шүү дээ, тэрийгээ ойлгогдоггүй. Өөрийгөө мэдэхгүй, би хэн бэ гэдгээ ойлгохгүй, дур сонирхлоо тодорхойлж чадахгүйгээс өөрийн гэсэн үнэлэмж, хандлагыг мэддэггүй. Монголчуудын бас нэг муу зан нь дүр эсгэх дуртай. Гоё ганган хувцас өмсдөг, хамгийн үнэтэй брэндийг өр тавиад ч хамаагүй авдаг. Гэтэл брэнд авах нь надад ямар ашигтай вэ гэдгээ өөрөө ойлгоогүй байдаг. Зүгээр л дүр эсгэж бусдад гайхуулах дуртай. Үүнээсээ болоод дүр эсгэх буюу бусдад таалагдах, бусад хүн намайг юу гэх бол гэсэн бодолд баригдаж амьдардаг. Зарим манлайлагч гээд байгаа хүмүүс ч учир дутагдалтай. Элдэв сурталчилгаа, пиар хийж бусдад таалагддаг, дүр эсгэдэг. Иймээс өөрийнхөө үзэл бодлыг гаргаж чаддаггүй. Энэ нь монголчуудыг туйлшрамтгай болгож байгаа юм. Бусад хүн намайг юу гэж бодох бол, бусдад би яаж харагдах бол гэж бодоод байхаар түүндээ автаж дууриаж эхэлдэг. Гэтэл тухайн хүн өөрийгөө ойлгож, надад ийм хувцас зохино, брэнд өмсөөд надад ямар ч ашиггүй гэж бодож байвал аливааг харах өнцөг хүртэл өөр болж эхэлдэг. Бусад юу гэж бодох бол гэдэг хандлагаа өөрчилж харин өөрийнхөөрөө бусдад таалагдах үнэт чанараа өсгөх нь чухал. Дэлхий нийтийн чиг хандлага ийм болсон. Монголд бас тулгарч байна. Гэтэл манайхан өөрийгөө ойлгодоггүйн дээр өөрийгөө хайрлаж бас чаддаггүй. Иймээс өөртөө итгэх итгэл сул, өөрийгөө үнэлэх үнэлэмж муу, өөртөө шүүмж тавих эсвэл өөрийгөө хайрлах талаар хангалтгүй байна. Тиймээс хүүхдүүдийн дунд эцэг эх маань намайг энэ сургуульд ор гэсэн учраас би сурна гэх юм уу, тэр тэнд сурч байхад би сурахгүй яах вэ гэх мэт хандлага байсаар байна. Ингэж зорилго, чиглэлгүй явсаар нэг л мэдэхэд амьдрал нь утгагүй санагдаж эхэлдэг. Нэг байгууллагад ажиллаж байгаагаа амьдрал гэж хараад өөрийгөө хөгжүүлэхгүй байвал бас л ийм байдал руу орно.
ХУВЬ ХҮНИЙ ЧАДВАРЫГ ДУНД СУРГУУЛИАС СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Хувь хүний чадвар буюу soft style болох харилцаа, цаг баримтлах, манлайлал, багийн ажиллагаа, харилцаа хандлагын талаар дунд сургуульд заадаггүй. Их,дээд сургуульд ч заадаггүй. Яагаад боловсон хүчин муу байна, шинэ төгсөгч ийм байна, хариуцлага алга гэсэн яриа гардаг вэ гэвэл хувь хүний чадварт суралцаагүйтэй холбоотой. Тэгэхээр энэ чиглэлийн хичээлүүдийг дунд сургуулиас нь эхлэн заагаад эхэлбэл зорилготой, цаг баримталдаг, бусдыг хүндэлдэг, үг даадаг, ядаж өөрөө өөрийнхөө хувьд менемженттэй, өөрөө өөрийгөө зохион байгуулах чадвартай болно. Үүний дараа ажлын талбар дээр гарч ирэхэд боловсон хүчин маш өөр болно. Энэ чадваруудыг ядаж ахлах ангийнханд суулгаж өгөх хэрэгтэй юм. Манай аль ч шатанд маш бүдүүлэг. Ялангуяа, цаг баримтлах, бусдыг хүндлэх талаар маш дутмаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч урсгал сөрөөд явж байдаг. Дүрэм журам гэж байдаг ч манайхан түүнд баригддаггүй. Гэтэл Японд сурагчдын ирц 99.9 хувь байхад ирц муу байна гэж үздэг. Манайд өнөөдөр эцэг эх нь хөдөө явлаа гэхэд “Хичээлтэй шүү дээ” гэж байгаа хүүхдээ “За яахав таслачих” гэдэг. Хүүхэд нь цаашаа “За, за таслачихъя” гэдэг байдлаар явдаг. Үүнээс болж хариуцлага гэдэг зүйл алдагдаж байна. Зам талбайд нус цэрээ хаяж байгаа нь ч гэсэн эцэг эхийн хүмүүжил шүү дээ. Хувь хүний соёл, хариуцлагын талаар дунд сургуулиас нь заахгүй болохоор ийм болчихож байгаа юм.
ХҮН БҮХЭНД БОЛОМЖ БИЙ
-АНУ-д хүүхдүүдийг сонирхлоор нь олон талтай хөгжүүлдэг. Би тэнд очоод усан спорт, дугуйн спортоор хичээллэж байсан. Хүүхдүүдээр сонирхсон спортын төрлийг сонгуулж хичээлд хамруулдаг. Тэр бүхэн нь тодорхой кердиттэй. Ингэж боломж олгоод эхлэхээр шийдвэр гаргаж эхэлдэг. Гэтэл Монголд энэ 12 хичээл орох ёстой гээд тулгачихдаг. Тухайн хүүхдэд ямар ч сонголт өгдөггүй. Сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэж сонссон. Бидний үеийнхэн ийм л байдлаар сурч байсан. Тиймээс бүгд дүнгийн төлөө сурдаг байсан гэхэд хилсдэхгүй. АНУ-д сагс сайн тоглодог байвал тэр нь давуу тал болдог. Сагсан бөмбөгт сайн гээд тэр хүүхдийг урамшуулж тэтгэлэг олгодог. Их, дээд сургуулиуд нь ч тэднийг тэтгэлгээр авдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүхэнд боломж бий гэдгийг сайн ойлгуулдаг. Түүгээрээ давуу талтай. Япон улсад маш ёс журамтай. Хүнийг хүн болгох ухаан тэр дотор нь байдаг. Хүүхэд сургуульд ороод хүн болж гарах ёстой. Тухайн хүүхэд муу, сайн сурах нь хамаагүй. Боловсрол олгоно, хичээлээ заана. Хүн шиг хүн гэдэг нь хариуцлагатай, дэгтэй, зөв хүн болж гарахыг л хэлж байгаа юм. Монголд ийм байж яагаад болохгүй гэж. Заавал хүүхэд чинь муу сурлаа гэж багш нь уурлаад л, ангийн үнэлгээнээс хойш чангаалаа гэж загнаад байх хэрэггүй. Тухайн хүүхэд юу мэддэг болов, ямар мэдлэг олгов, тэр хүүхэд хувь хүн талаасаа хэр хөгжив гэдэг л чухал.
УДИРДАГЧИД НӨЛӨӨЛӨГЧ БОЛСНООР ГҮЙЦЭТГЭЛ НЭМЭГДЭНЭ
-Монголд нөлөөллийн сургалтыг багш нар түлхүү авч байна. Мөн хувь хүн, байгууллага, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрүүдэд түлхүү хамрагдаж байна. Аль нэг байгууллагын удирдагч өөрөө нөлөөлөгч байх ёстой. Яагаад гэвэл доод түвшний хүмүүс ийм сургалт аваад ирэхээр удирдлагаа шүүж эхэлдэг. Иймээс байгууллагын тогтолцоогоор сургалт авах тохиолдолд удирдлагаа эхлэх нь зүйтэй. Удирдагч хүн сургалт авснаар ядаж ийм зантай хүнтэй би яаж харилцах вэ, сэтгэлтэй ажилтнаа гүйцэтгэлтэй болгохын тулд яах вэ гэдгээ олж харж чаддаг болно. Нөлөөлөгч болохын тулд үндсэн долоон чадварыг эзэмшсэн байх ёсой. Өөрөөр хэлбэл, бусдад таалагдах юм уу бусдыг татах чадвараа хэзээ, хэдийд яаж ашиглахаа мэддэг болно. Жишээ нь, би өнөөдөр хуралтай юм чинь зоригтой байх ёстой. Үүний тулд яах ёстой вэ гэдгээ өөртөө бий болгож суулгаж эхэлдэг. Удирдлага нөлөөлөгч болоод ирсэн цагт багийн ажиллагаа, гүйцэтгэл ихээр нэмэгдэнэ. Яагаад гэвэл хүмүүсээ зохион байгуулалт талаас ажилтнуудын дотоод харилцаа сайжраад ирэхээр гүйцэтгэл дагаад сайжирдаг. Ажилтнууд нөлөөлөгч болоод ирэхээр бие биеэ дэмжих нөлөөлөл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, би ганцаараа мундаг яваад юунд ч хүрэхгүй иймд бие биеэ ойлгож дэмжээд багаараа амжилтад хүрье гэсэн тэмүүлэл бий болно. Үүнээс үр дүн гардаг. Зарим хүний хувьд төрөхөөсөө нөлөөлөгч байдаг. Энэ нь зарим хүнд бага, заримд нь их байна. Далай ламыг судлаачид төрөлхийн нөлөөлөгч гэж тогтоосон байдаг. Хэзээ нэгэн цагт тэр хүн хэргэм зэрэггүй жирийн нэгэн болсон ч хүмүүс түүнийг сонсоно, дагаж дууриана. Тухайлбал, ямар ч нэр алдар, эд хөрөнгөгүй хэрнээ бусдыг дагуулж чаддаг ийм чадварыг эзэмшсэн хүнийг нөлөөлөгч гэж нэрлэж байгаа юм.
Манай рок, попын одод бусдад таалагдах чадвартай. Мэдлэгтэй байх хүч, царайлаг байх хүч, гоё дуулдаг байх хүч. Энэ бол давуу тал, түүгээрээ бусдад нөлөөлж чадаж байна. Гэхдээ түүнийг яаж зөв байлгах вэ гэдэгт суралцах ёстой. Үүнийг мэдэхгүйгээс биеэ тоох, өөртөө итгэх явдал нь бардамнал болж хувирдаг. Тэгэхээр юуг хэтрүүлж болохгүй вэ гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ одууд дунд төрөлхийн нөлөөлөгч хүмүүс бий.
Багш нар нөлөөлөгч байх ёстой. Гэхдээ багш гэхээр ихэнхдээ би мэддэг гэх хандлага их байдаг. Гэтэл математикийн мундаг багшид ч тэр чадвараас нь илүү нөлөөлөгч чадвар маш чухал. Цаашилбал, хүн бүхэн нөлөөлөгч байхын тулд суралцах хэрэгтэй. Хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд ч нөлөөлөх чадварыг эзэмших хэрэгтэй. Өрхийн тэргүүнд энэ чухал. Хамгийн гол нь хүүхдүүдийг багаас нь хувь хүний чадварт суралцуулах хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.23 ДАВАА №253 (6220)
Тод индэр
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Тод индэр
Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблейн Спортын хорооны хурал "Туушин" зочид буудалд үргэлжилж байна.
Тус хурлыг нээж Монголын Үндэсний спортын холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Спортын бүлгийн дэд захирал Нам Сан Вон, Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар үг хэлсэн.
Спортын хорооны хурлын өнөөдрийн хэлэлцүүлэг "Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Спортын сувгийн захирал О.Ууганбаяр, КВЅ-ийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон болон Шри Ланкийн SLRS телевизийн Ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ нар илтгэлээ хэлэлцүүлж байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим "Аль ч улсын Үндэсний телевиз болон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд томоохон сорилтууд тулгараад байна. Эдгээр сорилт нь дижитал платформуудтай холбогдож байна. Иймд бид бүхэн хоорондоо хамтран ажиллах шаардлагатай. Энэ удаагийн "ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн хурал яг энэ төрлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, стратеги төлөвлөлтийг сайжруулахад чиглэгдсэн чухал уулзалт болж байна.
2026 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг спортын томоохон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Эдгээр спортын томоохон үйл явдлыг бид хурдан шуурхай үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь олон нийтийг нэгтгэх спортоор дамжуулан нөхөрлүүлэх зэрэг олон давуу талтай байдаг.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос нэгэн платформыг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү платформоор дамжуулан цахим хэлбэрээр спортын төрөл бүрийн нэвтрүүлэг хүргэх шинэ боломж бүрдэж байгаа бөгөөд энэ удаагийн Ерөнхий Ассамблейн хурлаар тухайн платформын стратегийн шинжтэй бодлогын асуудлуудыг хэлэлцэнэ” гэдгийг онцолсон юм.
Тод индэр
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ хурлаар ямар асуудал яригдах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“ABU байгууллага нь Ази, Номхон далайн телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 телевиз гишүүнээр элсэж байсан.
Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элссэн юм. Холбоонд элсэх нь мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших, суралцах боломжийг олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг, уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа чухал байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагаа “ABU” холбоо харилцаанд явдаг.
Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер, ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа "ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурал “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.
-Бидэнд их ойр сэдэв байна?
-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно.
Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Энэ дууны наадамд дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.
-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирнэ. Энэ нь Монгол Улсаа сурталчлах сайхан боломж болох нь ээ?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана. Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөжин тэлж хамтын ажиллагааг сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.
Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс бид мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлого, ямар нэвтрүүлэг шилдэг болохыг зарлана гэх зэрэг мэргэжлийн чиг хандлагад чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.