Үйл явдал
Улсын дээд шүүхийн шүүгчийн болон анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд зарим хүнийг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлиг гаргалаа. Зарлиг гаргасантай холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарт шүүгчийн үнэмлэхийг нь гардуулж өгөв.
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.
Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Дашдэлэгийн Элбэгзаяаг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Энхтөрийн Оюун-Эрдэнийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Заяндүүгийн Ганчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашнамжилын Дарьсүрэнг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэвээний Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай” гэжээ.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлигт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сарантуяагийн Ганбат, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сугарын Болортуяаг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бадарчийн Маринаг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
- Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Сарантуяагийн Ганбатыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Сугарын Болортуяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бадарчийн Маринаг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй” гэжээ.




Үйл явдал
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Үйл явдал
ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис болон холбогдох төлөөлөлтэй уулзлаа.
ИБУИНХУ-д Монголын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлуудтай ижил бэрхшээлүүд бийг хатагтай Рут Дэвис хэлээд, Монгол Улс стратегийн түвшинд ямар төслүүд хэрэгжүүлэхээр зорьж буй болон сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг амжилттай зохион байгуулсан туршлага, ногоон шилжилт хийхэд тус улсаас манайд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар сонирхлоо.
Монгол Улсын Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг олон нийт, хөрөнгө оруулагчдад танилцуулсныг сайд Б.Найдалаа онцлов.
Мөн тэрбээр Монгол Улс нүүрс, нар, салхины арвин нөөцөө ашиглан дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд тоглогч болж, эрчим хүч экспортлох амбицтай ажиллаж байгааг тодотголоо. Талууд хоёр улсын эрчим хүчний салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахад санал нэгдэв.
Сайд Б.Найдалаа өнөөдөр мөн Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн (UKEF) Бизнес хөгжүүлэлт болон Харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан олон улсын газрын дарга Вомик Нур Шах, тус агентлагийн Бизнес хөгжүүлэлтийн Зүүн Европ ба Төв Азийн бүс хариуцсан дарга Крис Аллум нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр сайд Б.Найдалаа Монгол Улс эрчим хүчний салбартаа өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйг танилцуулаад, өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорин, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарч байгаагаа онцлов.
Дээрх агентлаг нь Засгийн газрын байгууллага бөгөөд ноён Вомик Нур Шахын хувьд Их Британийн олон улсын бизнес хөгжүүлэлт, шинэ боломжуудыг бий болгох үйл ажиллагаа, мөн олон улсын сүлжээг хариуцан ажилладаг байна. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарт, тухайлбал, нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүч, жижиг модуль реактор (SMR)-ын төсөлд хөрөнгө оруулах боломжийн талаар судлах сонирхолтой байгаагаа дурдав.
Монгол Улсын хувьд эдгээр болон устөрөгч, усан цэнэгт станц, дата төв байгуулах, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгааг сайд Б.Найдалаа тэмдэглээд, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулах боломж зэргийн талаар цаашид нарийвчлан ярилцах саналтай буйгаа илэрхийлэв. Тухайлбал, манай улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийх ажлын хэсэг байгуулж буй юм. Уг чиглэлээр гадаадын орнуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, нэг бус, хэд хэдэн улстай энэ талаар хэлэлцэн, хамгийн тохирох арга замыг сонгохыг зорьж буй.
Талууд цаашид харилцан мэдээлэл солилцож, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарахаар болов. Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас Монгол Улсад дөрвөн тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулах боломжтой хэмээн тооцож байна гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.

Үйл явдал
Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлж байна
Нийгмийн даатгалын байгууллага нь иргэдэд нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ажилтан, албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, цаг ашиглалт болон бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд, Сүхбаатар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, мэдээллийн технологийн ажилтнууд "Грийн Софт" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал болон Чатбот үйлчилгээ хөгжүүлэлтийн менежер Н.Ахмаралтай уулзаж, тус компанийн чатбот үйлчилгээний давуу тал, онцлогийн талаар ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар цахим хуудсандаа уг үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар 9 дүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.
Цаашид 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрууд цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр дуудлагын төвд ирэх ачаалал буурах, иргэдийн хэрэгцээг оновчтой тодорхойлох, үйлчилгээний чанарыг үнэлэх, сэтгэл ханамжийг бодитой бөгөөд цаг алдалгүй хянах боломж бүрдэх юм.

-
Хэн юу хэлэв...2021/09/24
Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааныхаа суури...
-
Хэн юу хэлэв...2020/11/20
З.Мэндсайхан: Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн
-
Дэлхий нийтээр..2024/08/23
Тахилтын нүхэн гарцад 350 метр урттай ус зайлуулах шугам угсарч байна
-
Дэлхий нийтээр..2020/08/21
Төмөр замаар тээсэн ачаа, зорчигчид өмнөх сараас 6.4 хувиар өслөө
