Дэлхий нийтээр..
Узбекистаны экс ерөнхийлөгчийн охиныг авлигын хэрэгт буруутгажээ
Швейцарын прокурорууд Узбекистаны экс ерөнхийлөгчийн охин Гульнара Каримоваг олон зуун сая долларын мөнгө угаасан гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж байсан гэж буруутгажээ. Эрх баригчид 2005-2013 оныг хамарсан шалгалтын явцад 780 сая SFr (700 сая фунт стерлинг; 857 сая доллар) үнэтэй хөрөнгийг хураан авчээ.
Каримова 2014 оноос хойш Узбекистаны шоронд хоригдож байгаа бөгөөд хөрөнгө шамшигдуулсан хэргээр ял эдэлж байгаа юм. Тэрбээр өөрт нь холбогдуулан шалгаж байгаа ашигтай харилцаа холбооны гэрээ байгуулсантай холбоотой хахуулийн хэргүүдийг үгүйсгэж байна.
Каримова өөрийн гэсэн үнэт эдлэлийн компанитай бөгөөд энтертайнмент телевизийн суваг ажиллуулдаг. Мөн түүний тайзны буюу уран бүтээлчийн нэр нь Гоогооша бөгөөд өөрийн гэсэн хэд хэдэн дуу гаргасан байдаг.
Швейцар яллах дүгнэлтдээ Оросын харилцаа холбооны компанийн Узбекистаны салбарыг удирдаж байсан нэрээ нууцалсан бизнесменийг мөн онилсон байна. Каримоваг Узбекистаны харилцаа холбооны салбарт нэвтрэхийн тулд хахууль авсан, Швейцарийн банкны данс болон бусад улс дахь нарийн тооцооны сүлжээгээр дамжуулан мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүний уг үйл ажиллагаагаа явуулдаг хуурамч байгууллагыг Оффис гэж нэрлэдэг байв. Тус бүлэглэл үйл ажиллагаа явуулахдаа залилангаас гадна хүчирхийлэл, айлган сүрдүүлэх зэрэг үйлдэл гаргадаг байсан тухай мэдэгджээ. Наймдугаар сард Их Британийн Онц хүнд залилангийн алба Каримовагийн эзэмшиж байсан 20 сая фунт стерлингээс өндөр үнэтэй гурван тансаг үл хөдлөх хөрөнгийг хяналтдаа авчээ.
Швейцарын холбооны прокурорын яллах дүгнэлтэд тухайн дансны нэр бүхий ашиг хүртэгч эзэд нь Каримоваг жинхэнэ ашиг хүртэгч гэдгийг нуун дарагдуулсан "хуурамч нэрс" байсан гэжээ.
Каримова Узбекистанаас Женев дэх НҮБ-д суугаа элчин сайдаар ажиллаж байхдаа хамгаалалтад байсан ч 2013 онд халдашгүй, дархан эрхээ алдсанаар Швейцар улсаас түүний санхүүгийн талаарх мөрдөн байцаалтаа өргөжүүлж чадсан юм.
Мөн түүний байгууллагын үйл ажиллагааг Швед, Франц, Норвег, Нидерланд, АНУ, Их Британи улсууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
