Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Киргиз Улсад хэрэгжиж буй анхны айлчлал юм.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Киргизийн хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг дурдав. Тэрбээр 2023 он хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц онцлог үйл явдлаар баялаг жил болж буйг тэмдэглээд Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ онд манай улсад хийсэн төрийн айлчлал, Киргиз Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо нээсэн зэрэг нь хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр хоёр тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцав. Мөн далайд гарцгүй улс орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх замаар тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах талаар тодорхой санал солилцлоо.

Гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.
Мөн хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хөрөнгө оруулалт, экспортыг харилцан дэмжих, стартап компаниудыг хөгжүүлэх чиглэлд хоёр улсын төр, Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаа санал нэгтэй илэрхийлэв. Энэ хүрээнд Сайд нарын танхимын дарга А.Жапаров Киргизийн Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих сангаас тус улсыг сурталчлах арга хэмжээг 2023 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахыг санал болгоод Монголын аж ахуйн нэгжүүд энэ сарын 27-29-ний өдрүүдэд Бишкек хотноо зохион байгуулах “Кыргызстан ЕХРО-2023”олон улсын үзэсгэлэнд оролцох болсонд талархал илэрхийлэв. Талууд мөн хоёр улсын нөөц бололцоо, давуу талыг ашиглан уул уурхай, эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудын талаар ярилцлаа.
Талууд Монгол Улсын санаачилсан “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.
Мөн түүх, соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд тэмдэглэж, Монгол, Киргизийн өв, соёл, зан заншилыг хоёр улсад харилцан таниулах хүрээнд Монгол, Киргизийн соёлын өдрүүд, соёл, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тогтов.

Хэлэлцээний дүнд талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр улсынЗасгийн газрын тэтгэлгээр жилд тус бүр хоёр оюутныг монгол, киргиз хэл судлалын чиглэлээр сургахаар тохиров. Мөн “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний хөрөнгө оруулалтын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төсөл боловсруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2023 оны аравдугаар сарын 25-26-нд Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.


Тод мэдээ
2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон гадаадын 16881 иргэн, 3582 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1222 иргэнийг албадан гаргав.
Зөрчил гаргасан нийт гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар, үүнээс хувь хүнээр зөрчил гаргасан иргэдийн тоо 5.21 хувиар, уригч хуулийн этгээдээр зөрчил гаргасан иргэдийн 84.07 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл, хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчих, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Улсын хилээр оруулалгүй буцаасан иргэдийн дийлэнх хувийг БНХАУ (1130), БНСУ (151)-ын иргэд эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө
Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийн үүрэг чиглэл өглөө. Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ.
Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Мөн өнгөрсөн өдрүүдэд улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээх ажлыг хийснээр, Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болсныг хэллээ. Харин бусад аймгууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болгосон юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим гэх урьдчилсан төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа"-г тэмдэглэв.
Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын үүрэг болголоо.
-Малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх,
-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
-Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах,
-Цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах,
-Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
-Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

Тод мэдээ
Нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт 94 хувийн гүйцэтгэлтэй байна
Сангийн сайд Б.Жавхлан төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн татварын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажиллалаа.
Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл, дүүргийн татварын албаны улсын төсөвт төвлөрүүлэх орлого сар сараар биелж явсан. Гэхдээ уул уурхай туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны доголдол болон оны 11 дүгээр сарын сүүлээр УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн. Улмаар 12 дүгээр сарын эхний долоо хоногоос орлого их хэмжээгээр тасарсан.
Харин Сангийн яамнаас татвар төлөгчдийг цаг хугацаандаа татвараа төлөхийг уриалсан мэдэгдэл гаргаснаас хойш эргэлзээ, хүлээлт арилж, хэвийн төвшиндээ ороод явж байна. Нийслэл, дүүргийн татварын албууд төсөвт өдөрт 20 тэрбумыг оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сангийн сайдын 02 тоот албан даалгаврын дагуу оны эцэст татварын төлөвлөгөө бүрэн биелүүлнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа" талаараа танилцууллаа.
Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсүүд улс, нийслэл, орон нутгийн төсөвт татварын орлогын 5,5 их наяд төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар улсын төсөвт 1.7 их наядын татварын орлогын төлөвлөөтэйгөөс 1.6 их наяд төгрөгийг төвлөрүүлж 94 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сангийн сайд Б.Жавхлан татварын орлогын төлөвлөгөөг заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх, татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг сайн өгч ажиллах үүргийг нийслэл, дүүргийн татварын газрын удирдлагуудад өглөө гэж Сангийн яамнаас мэдээллээ.
-
Өнөөдөр2023/03/10
“Open data meetup 2023” арга хэмжээнд урьж байна
-
Өнөөдөр2025/03/28
Нийт шүүгчийн хуралдаан болно
-
Тод мэдээ2025/09/26
Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж...
-
Тод мэдээ2022/06/28
Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
