Үйл явдал
Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2023 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
Үйл явдал
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ Сири дэх цэргийн хүчнээ бүрэн татсаны дараа тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байсан бүх цэргийн баазууд Сирийн талын хяналтад шилжжээ.
Сирийн эрх баригчид мэдэгдэхдээ, өмнө нь АНУ-ын цэргүүд байрлаж байсан баазуудыг шат дараатайгаар хүлээн авч, одоогоор бүрэн хяналт тогтоосон гэж мэдээлсэн байна. Энэ үйл явц нь АНУ-ын цэргийн алба хаагчдыг үе шаттай гаргасны дараа хэрэгжсэн бөгөөд шууд мөргөлдөөн, зэвсэгт сөргөлдөөнгүйгээр явагдсан гэж эх сурвалжууд онцолжээ.
АНУ Сирид олон жилийн турш “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх хүрээнд цэргийн ажиллагаа явуулж, хойд болон зүүн бүсийн хэд хэдэн стратегийн баазыг ашиглаж байсан юм. Харин сүүлийн үед бүс нутгийн нөхцөл байдал, стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор цэргийн оролцоогоо бууруулж, улмаар бүрэн гаргах шийдвэр гаргасан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын цэргийн оролцоо ийнхүү дуусгавар болж, баазуудыг Сирийн талд шилжүүлсэн нь бүс нутгийн геополитикийн тэнцвэрт байдалд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй юм. Цаашид Сирийн дотоод аюулгүй байдал, олон улсын оролцооны шинэ шат эхлэхийг үгүйсгэхгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.
Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.
Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.
Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив. Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.
Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.

Үйл явдал
AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна
Сүүлийн үед AI технологид суурилсан мэдээллийн системүүдийн өгч буй хариу бодит нөхцөл байдалтай зөрөх тохиолдол анхаарал татаж байна. Ялангуяа улс төр, олон улсын харилцааны шинжтэй, богино хугацаанд өөрчлөгдөх мэдээлэл дээр ийм зөрүү илэрч байгааг хэрэглэгчид онцолжээ.
Тухайлбал, Япон улсын улс төрийн шинэчлэл, удирдлагын өөрчлөлттэй холбоотой асуултад зарим AI системүүд хуучирсан мэдээлэлд тулгуурлан хариулж, бодит байдлаас зөрсөн дүгнэлт өгөх тохиолдол гарчээ. Энэ нь хиймэл оюун ухааны системүүд бодит цагийн мэдээлэлтэй бүрэн уялдаж ажиллахгүй, тодорхой хугацааны хоцрогдолтой өгөгдөл дээр үндэслэн ажиллаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар AI системүүд нь асар их хэмжээний өгөгдөл дээр сургагддаг ч мэдээллийг шинэчлэх, бодит цагт нийцүүлэх процесс нь харьцангуй удаашралтай байдаг. Үүний улмаас улс төрийн шийдвэр, томилгоо, олон улсын уулзалт зэрэг хурдан өөрчлөгддөг мэдээлэл дээр алдаа гарах эрсдэл өндөр хэвээр байгаа юм.
Иймд хэрэглэгчид AI-аас авсан мэдээллийг шууд үнэн гэж хүлээн авахгүй байх, албан ёсны эх сурвалж, олон улсын нэр хүндтэй мэдээллийн агентлагийн мэдээг давхар нягтлах шаардлагатайг шинжээчид зөвлөж байгаа.
Цахим орчинд мэдээллийн урсгал эрчимжиж буй энэ үед хиймэл оюун ухаан ч алдаа гаргах боломжтойг энэхүү жишээ харуулж байгаа бөгөөд мэдээллийн үнэн зөв, эх сурвалжийн баталгаажуулалт улам чухал болж байгааг онцолж байна.
