Тод мэдээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
21-22-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас, нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд Халх голын сав газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 20-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 21-нд ихэнх нутгаар, 22, 23, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 21-нд оройдоо ялимгүй цас, 22, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 22-25-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-26 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Тод мэдээ
АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент худалдан борлуулахдаа бусдаас хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, эрүүгийн 2502007000487 дугаартай хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов.
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар “Цемент шохой” ХХК-иас зээлээр авсан цементийн төлбөр болох нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг “Хас хос очир”, “Люксвүүд”, “Өү эм ди си”, “Төгс өсөх премиум”, “Батс өргөө”, “Техник импорт”, “Энгүүн цог жавхлан”, “Очир ням проперти девелопмент”, “Самби констракшн”, “Кью си эс” зэрэг ХХК-иудаас гаргуулж нөхөн төлүүлээд байна.
Мөрдөгчдийн ажлын хэсгийн “Цемент шохой” ХХК-тай холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 сая төгрөг залилуулжээ
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг авч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Тухайлбал, энэ оны 11-р сарын 04-ний өдөр иргэн "...."-ын фэйсбүүк цахим хаягаар үл таних этгээд холбогдож, “60 сая төгрөг хожсон байна” гэж итгүүлэн OTP кодыг нь авч, 11 удаагийн гүйлгээгээр 8,314,500 төгрөг залилсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн өөрийн цахим хаяг, банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим сугалаанд оролцохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав.

-
Чөлөөт бүс2020/02/21
Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэнэ
-
Тод мэдээ2024/03/21
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
-
Өнөөдөр2021/10/06
"Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлье"-аян
-
Тод мэдээ2025/06/23
Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
