Тод мэдээ
Лед гэрлэн гарцуудыг шуурхай хийж дуусгахыг даалгалаа

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ хүрээнд нийслэлийн сургууль орчмын 102 байршилд лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг есөн дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус ажлыг энэ онд багтаан шуурхай гүйцэтгэхийг даалгалаа.
Тодруулбал, тухайн байршлуудад лед гэрлэн гарц хийх төсвийг НИТХ-ын дэргэдэх Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд хуваарилан, эрх шилжүүлэх тухай захирамж гараад буй. Тус ажлын үр дүнд бий болсон хөрөнгө буюу леп гэрлэн гарцуудыг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь нийслэлээс хяналт тавин ажиллах юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн зүгээс нэн тэргүүнд гэрэлтүүлэг муутай, харанхуй, гэр хорооллын бүс зэрэг үзэгдэх орчин муутай байршлуудад энэ лед гэрлэн гарцуудыг байршуулах шаардлагатай гэсэн чиглэл баримталж байгаа. Эрх шилжүүлэхэд байршлыг тодорхой заахгүй ч дүүргүүд үүнд анхаарч, иргэдийн санал хүсэлтийг мөн харгалзан уг ажлыг гүйцэтгэх нь зүйтэй. УБЗАА-наас гэрэлтүүлгийн стандартыг дүүрэг бүрт хүргэсэн. Төсвийг ийнхүү хуваарилж, эрх шилжүүлж байгаа тул тус бүр цаг хугацаа алдалгүй, уг ажлыг шуурхай эхлүүлж, энэ онд багтаан гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн стандартыг баримтлан, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээлээ.
Тод мэдээ
Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлий, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулав.
Энэ үеэр салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тогтвортой хөгжүүлэх гарц шийдлийг хэлэлцсэн. Тухайлбал, өсвөр мал бордож, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тогтвортой тогтмол байлгах тухай асуудлуудыг зөвлөлдлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээний ажилтан илгээсээр байна
Монгол Улсын Засгийн газар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Засгийн газар Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг ХХҮЕГ тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
БНСУ нь 17 улс орноос гадаад ажилтан хүлээн авдаг бөгөөд Монгол Улс 2004 оноос өнөөг хүртэл жил бүр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх, илгээх үйл ажиллагааг зохион байгуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цорын ганц Төрийн байгууллага юм.
БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний 2024 онд мөрдөгдөж буй хэмжээ цалингийн доод 2,060,740 вон байна.
Өнгөрсөн 2024 онд 722 хүн илгээсэн байна. Хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршсан иргэдэд улирал тутам ажлын санал ирж, сар бүрийн тогтсон өдөр илгээсээр байна.
Өнөөдөр буюу 2025 оны 04 сарын 02-ны өдөр аж үйлдвэрийн салбарт 22 ажилтан ажиллахаар тус улсыг зорилоо.
Мөн 04 дүгээр сарын 08-нд тогтвортой 13 ажилтан, ХАА, газар тариалан 2 ажилтан, Үйлчилгээ 2 салбарт 5, Барилга 1 ажилтан тус тус илгээхээр бэлтгэл ажил хийгдэж байна.
Мөн барилгын салбарт илгээгдэх иргэн хувийн шалтгаанаар явах боломжгүй гэх хариу өгөөд байгаа аж.
Сүүлийн үед БНСУ-аас ажлын санал ирсний дараа иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаангүйгээр хойшлуулах, явахгүй гэх мэт шалтгаан ихээр гарч байгаа тул БНСУ-ын ажил олгогч тухайн ажилтныг 17 улсын ажил хайгч олон дундаас сонгож, тухайн улсдаа татвар төлж, бичиг баримтыг бүрдүүлэн 6 сар орчим хүлээсний дараа хүлээн авах, цаг хугацаа, санхүүгийн тодорхой хохирол амсах эрсдэлтэй байдал удаа дараа үүсгэж байна.
Иймд манай улсын ажил хайгч иргэдийг олноор сонгохгүй байх эрсдлийг үүсгэж байгаа тул ажлын санал ирсэн иргэдийг дээрх асуудал үүсгэхгүй байхыг сануулж байна.