Дэлхий нийтээр..
Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга
Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгалаа.Үүнд:
1) Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэх, эцэг, эх хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалтыг тусгасан.
2) Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болов.
3) Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид даруй мэдэгдэхийг боловсролын сургалтын байгууллагын холбогдох ажилтанд үүрэг болголоо.
Боловсролын сургалтын байгууллага үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн болон хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцах, сургуулийн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэрийг өөрчилсөн. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, түүнд зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зохицуулалтыг тусгасан.
Мөн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд суралцаж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын нөхцөл байдлын тандалт судалгааг гурван жил тутам боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хийх зохицуулалтыг оруулсан болно.
4) Хүүхдийн цахим орчин дахь зохистой хэрэглээг дэмжих, цахим орчинд хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв.
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контентыг хязгаарлах, контентын ангиллын тэмдэглэгээг олон нийтэд түгээхийн өмнө байршуулах, насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх боломжоор хэрэглэгчийг хангасан байна.
Хүн, хуулийн этгээд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хориотой агуулга түгээснээс хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл гомдлоо хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх бөгөөд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамталсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.
5) Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүйгээр орхих, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явах, тээвэрлэхийг хориглосон.
6) Хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажиллуулах, хүүхэдтэй холбоотой ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглосон.
7) Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхийг баталгаажуулж өгсөн.
8) Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээ авахыг хуульчилсан болно.
9)
Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой. Үүнд:
1) Хүүхэд хамгааллын асуудлаарх төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг тодорхой болж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
2) Хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд шаардагдах төсвийг тусгаснаар хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
3) Хүүхэд хамгааллын кейс менежментийн алхмыг тодорхойлж, мэргэжлийн удирдлагын чиг үүргийг хуульчилснаар хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна.
4) Магадлан итгэмжлэгдсэн, мэргэшсэн төрийн бус байгууллагаар хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхдэд хүргэх, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилт анхан болон дунд шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.
5) Салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхыг хуульчилж өгснөөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлага, хариуцлага нэмэгдэж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч бүр ажилтныхаа хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд бүрд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулах болно.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Үйл явдал2023/11/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Чөлөөт бүс2019/08/06
Ган замчид 70 жилийн ой, мэргэжлийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ
-
Дэлхий нийтээр..2023/09/11
Монгол Улс экспортод 10003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаад байна
-
Дэлхий нийтээр..2025/07/03
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
