Дэлхий нийтээр..
Баянзүрхчүүд хийсэн ажилтай, хэлэх үгтэй МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд VIII тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчид, салбар бүрийн төлөөлөлтэй уулзалт хийж байна. УИХ-ын VIII тойрогт Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар МАН-аас нэр дэвшиж буй.
Баянзүрх дүүргийн иргэд шат шатандаа МАН-д итгэл хүлээлгэсний үр дүнд 2020-2024 онд дүүргийн төсөв 15 дахин өсөж, салбар бүрд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тийм ч учраас дүүргийн иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна. Мөн салбар бүрийн төлөөлөл болж, тулгамдсан асуудалд шийдэл, гарц олж, амласнаа хэрэгжүүлсэн нэр дэвшигчийг эхэлсэн ажлаа дуусгахыг иргэд үүрэг болгож байна.
Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай. Гэвч дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн хэвшилд шилжсэнээс үүдэлтэйгээр эрүүл мэндийн хүртээмж тааруу байсан. Тиймээс дөрвөн жилийн өмнө нэр дэвшигчдээс энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, санал хүсэлтээ хэлж байсан.
Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цар тахлын улмаас эдийн засгийн боломж бололцоо тааруу байсан ч Баянзүрх дүүрэгт,
- 27 дугаар хороонд 50 ортой Дарь-Эх нэгдсэн эмнэлэг,
- 8 дугаар хороонд Ахмад, хүүхдийн эмнэлэг,
- 5 дугаар хороонд Нийгмийн эрүүл мэндийн төв,
- 16 дугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орж
- Дүүргийн нэгдсэн эмнэлэг барих 3 га газрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр газар чөлөөлөлт хийгээд байгаагаа уулзалтын үеэр нэр дэвшигчид танилцуулж буй нь хэлсэн бол хийдэг, нэгдэж чаддагийг харуулж байна.
Баянзүрх дүүрэгт ийнхүү эрүүл мэндийн хүртээмж сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн, цаашид энэ салбарын асуудлыг бүрэн шийдэхийн төлөө нэгдэж ажиллана гэдгээ илэрхийллээ.






Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
-
Дэлхий нийтээр..2025/04/23
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал амжилттай х...
-
Хэн юу хэлэв...2021/08/19
Г.Занданшатар: Улаанбаатарын хөгжлийн тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлы...
-
Дэлхий нийтээр..2022/05/20
Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг сунгалаа
-
Дэлхий нийтээр..2025/08/27
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
