Дэлхий нийтээр..
Иргэд Ерөнхий сайдыг багаар нь сонгохоо илэрхийлж байна
УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Жаргалтхаан, Хурх буюу Гурванбаян тосгон, Батширээт, Биндэр суманд иргэд, сонгогчидтой уулзаж, зүүн бүсийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр хэрхэн байгуулах талаар болон тэдгээрийн ач холбогдлыг нэр дэвшигчид иргэдэд танилцуулав.
Нэр дэвшигч У.Отгонбаяр бүсчилсэн хөгжлийн бодлого бол хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлж, хэт төвлөрлийг бууруулах бодлого. Зүүн бүс богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, эдийн засгаа солонгоруулах боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хийж хэрэгжүүлсэн ажил олон бий, үргэлжлүүлэх ажил ч байна гээд Ерөнхий сайдын тэргүүлсэн МАН-ыг дугуйлж, бүтнээр нь сонгож өгөхийг хүсэв. Нэр дэвшигч П.Анужин “Орон нутгийн хөгжил бол хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролоос эхэлдэг. Олон улсын стандартад нийцсэн бүсийн эмчилгээний төв байгуулахын төлөө бид хичээнгүйлж ажиллана. Багаар нь сонгохын чухал нь эдийн засгийг төвлөрүүлж чадна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг төрүүлсэн, үргэлж зөв сонголт хийдэг Хан хэнтийчүүд та бүхэн минь Сэцэн ханы төлөө дахин ухаалаг сонголт хийгээрэй” хэмээн уриалав.
Нэр дэвшигч Л.Соронзонболд “Зүүн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй, боомт, түүхэн аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн импортын татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ” гэв. Мөн энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа тул тойрогт нэр дэвшигчдээс гадна МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийг дэмжиж, бүтэн багаар нь сонгохыг сонгогчдод уриаллаа.

Орон нутгийн хөгжил, иргэдээ сайхан амьдруулахын төлөө намчирхаж талцах нь буруу, мөрийн хөтөлбөрийг нь судалж сонголтоо хийх нь чухал. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан эрчимжсэн мал аж ахуйг бүс нутгаар нь хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлтэд чиглэсэн арга хэмжээнүүдэд сумдын иргэд талархалтай хандаж байлаа. Түүнчлэн залуус сум орон нутагтаа ажиллах сонирхол их байдаг ч АН засагладаг сумдад улс төржилтийн улмаас хүнд суртал гаргах, төрийн албан хаагчдыг гадуурхах явдал байдаг. Иймэрхүү намчирхах үзлээс болж сум орон нутгийн хөгжил орхигдож байна гэх хүн цөөнгүй байв.
Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлого, “Шинэ хоршоо” хөдөлгөөн, байгалийн баялгаа ухах биш онгон дагшин байгаль, түүх соёлдоо тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, баялгийн өгөөжийг иргэн бүр хүртэх, ажлын байр нэмэгдүүлэх нь зөв шийдвэр хэмээн ярих иргэн олон байв. Амлалтаа биелүүлж буй МАН-ыг дэмжиж, эхлүүлсэн ажлуудыг нь үргэлжлүүлэх ёстой гэж дээрх сумдын иргэд, малчид үзэж байна.
Тиймээс хөгжлийн бодлогоо улс орны хэмжээнд том зургаар гаргаж, бүсчилсэн агуулга бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж буй МАН-ыг багаар нь дэмжихээ эдгээр сумдын иргэд илэрхийлж байлаа.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тууштай тэмцэж байгаа, нийгэмд олон эерэг өөрчлөлт авчирч байгаагаас орон нутгийн иргэд МАН-д итгэх итгэлээ батжуулж, түүний багийг үргэлжлүүлэн ажиллуулж, бүтэн үр дүн гаргуулах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Хэн юу хэлэв...2026/08/14
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилт...
-
Дэлхий нийтээр..2021/06/14
МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ
-
Үйл явдал2021/08/03
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Чөлөөт бүс2021/08/11
Цагаан сүүлт бугын сүрэг "Ковид-19"-ийн халдвар авсан байж болзошгүй
