Үйл явдал
Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн хэмжээнд өчигдөр оройн 20:00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна.
Улиас модны цагаан буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг. Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл өндөр байна.
Иймд иргэн та модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Үйл явдал
Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Гэрээс сургууль хүрэх зам” хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон мэргэжлийн байгууллага, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд, сурагчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн осолд 1377 хүүхэд өртсөн. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоог эхний жилээс 20 хүртэл хувиар бууруулах боломжтой.

Хэлэлцүүлгийн модератор, нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг. Иймд нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2026-2027 оны хичээлийн жилд "Сургууль хүрэх зам" төслийг хэрэгжүүлж байна. Энэ үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах нь цагаа олсон санаачилга юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар сургууль орчмын аюулгүй байдлын стандарт болон төсвийн чиглэл тодорхой болж, хүүхдийн аюулгүй байдал бүрэн хангагдах боломж бүрдэнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан “2026 оныг "Хүүхдийн эрхийг хамгаалах жил" болгон зарласан. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд сургуулийн орчинд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байна. Үзэл баримтлалаа баталж, тандалт болон үр нөлөөний судалгааг хийсэн. Холбогдох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барина” гэв.
НЕБ-ын сургуулиудын төлөөлөл сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал болохыг онцоллоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүүхдэд ээлтэй замын орчин нөхцөл бүрдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг тодотгов.






Үйл явдал
УИХ-ын зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад айлчиллаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Туркийн Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Каянакын урилгаар тус улсад 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийлээ.
Тус айлчлалаар Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй хоёр улсын бүлэг хоорондын уулзалт, Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Октай, Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжи нартай албан уулзалт хийснээс гадна Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүд болон Туркийн Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Өндер Кахвежи нартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар тус тус санал солилцлоо.
Парламентын бүлэг хоорондын уулзалтын үеэр бүлгийн дарга С.Зулпхар Туркийн Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдийг 2025 оны 10 дугаар сард Монгол Улсад хүлээн авснаас хойш 1 жилийн дараа бүлгийн хариу айлчлал хийж буйдаа баяртай байна гээд, тухайн үед талуудын ярилцан тохиролцсон ажлууд бодит үр дүнд хүрч байгааг онцолллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөгжлийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, Хархорум хотын бүтээн байгуулалт, Хавдар судлалын хоёрдугаар төв байгуулах, бага оврын сум угсрах үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг дурдаж, эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэр дундаа парламентын бүлгийн хүрээнд идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Бүлгийн дарга Ибрахим Каянак Турк, Монгол хоёр улс түүхийн олон зуун жилийн хэлхээ холбоотой бөгөөд Бүгд Найрамдах Турк Улс нь Монгол Улсын дотнын түнш гэдгийг цохон тэмдэглэв. Мөн сүүлийн жилүүдэд бүхий л салбарт харилцан айлчлал, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг сайшааж, хоёр улсын уул уурхай, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гэх мэт бүх салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын төлөө байгааг онцоллоо.
Түүнчлэн хоёр улсын худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрээд байгаа ч, цаашид улам нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй хийсэн уулзалтаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын Байнгын хороодын харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг сайшааж, цаашид парламентын дипломат харилцааг улам бататган бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ. Мөн бүс нутаг, дэлхий дахинаа өрнөж буй цаг үеийн асуудлуудаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжитэй хийсэн уулзалтын үеэр талууд хоёр улсын Засгийн газар хоорондын харилцаа, харилцан айлчлал эрчимтэй явагдаж байгааг сайшааж, Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд баяртай байгааг илэрхийлэв. Түүнчлэн, дэд сайд Беррис Экинжигийн зүгээс энэ оны 11 дүгээр сард Туркэд зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурал (COP31)-д Монгол Улсаас төлөөлөгчид оролцуулах болсонд талархал илэрхийлэв.
Бүлгийн айлчлалын хүрээнд төлөөлөгчид Анкара хот дахь Ататуркийн бунхан цогцолборт зочлон цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар хүндэт зочны дэвтэрт сэтгэгдэл бичиж үлдээв.

Төлөөлөгчид Анкара хотын Зохион байгуулалттай аж үйлдвэрийн бүсэд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд энэ үеэр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк, Анкара хотын Зохион байгуулалттай аж үйлдвэрийн бүс хооронд Хамтын ажиллагааны протокол байгуулж, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд оролцов.
Төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн боломж бололцоог хэрхэн хангаж ажиллах талаар санал солилцлоо.
Монгол, Турк хоёр улсын хооронд Стратегийн түншлэл тогтоосноос хойш Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн анхны бүлгийн айлчлал үр дүнтэй болж өндөрлөв.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Д.Бум-Очир, тус бүлгийн гишүүн Б.Заяабал, У.Отгонбаяр нар багтан ажиллалаа.
Үйл явдал
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалаа.
Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг урьж байна.
Нэр дэвших хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах тул Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт биечлэн авчирч өгнө үү.
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:
- Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
- Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
- Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
- Төрийн албан хаагчийн анкет
Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
-
Үйл явдал2023/08/28
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Тод зураг2019/12/13
“Шударга ёс” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
-
Дэлхий нийтээр..2021/03/16
What3words аппликейшн ашиглан иргэний амь насыг аварчээ
-
Хэн юу хэлэв...2019/06/27
Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, ...
