Дэлхий нийтээр..
Н.Намуу: Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан
Энэ сарын 21 буюу өнгөрсөн даваа гарагаас түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт хийсэн. Хүүхдүүдийн хичээл нэг цагт эхэлснээр замын ачаалал нэмэгддэг. Үүнийг задлах зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн юм. Зохицуулалттай холбоотойгоор замын нөхцөл байдал ямар байгааг өнөө өглөөний 06:30 цагаас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулан үзүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуутай ярилцлаа.
-59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өмнө нь 07:10 цагаас замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг байсан бол одоо 06:30 цагаас аажмаар нэмэгдэж байна. Зохицуулалттай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал 12.5 хувиар буурна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Энэ бол замын хөдөлгөөний ачаалал оргил үед буюу өглөөний үеэр 12.5 хувиар буурна гэсэн судалгаа юм.
Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол 07:50-08:10 цагийн хооронд замын хөдөлгөөн нам зогсоох нөхцөл бүрдэнэ. Оргил ачааллын судалгааг хийхэд 06:00-07:00 цагийн хооронд хөдөлгөөний эрчим буюу камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 6:00-07:00 цагийн үед тээврийн хэрэгслийн жигд урсгалаар зорчих хөдөлгөөн ихэссэн.
-Яг одоогийн байдлаар Яармагийн замыг харахад гүүр өнгөртөл ачаалал бага, Таван богдоос эхлээд ачаалал нь нэмэгдэж байна. Ямар шалтгаанаар замын ачаалал ийм харилцан адилгүй байгаа вэ?
-Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр хүн буулгаж, суулгах гээд зогсчихдог. Үүнээс болж чиглэлийн тээврийн хэрэгслүүд зогсоолынхоо карманд орж чадахгүй, зам дээр зогссоны улмаас эгнээ хаадаг нь нөлөөлдөг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд хүргэхдээ нэгдүгээр эгнээнд машин тавьдаг нь замын хөдөлгөөний ачаалалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Тээврийн хэрэгслийн тоо авто замаасаа давсан. Олон улсад нэг машинд ногдох авто замын хэмжээ 36-37 метр байдаг бол Улаанбаатарт нэг машинд ногдох авто замын хэмжээ 2.5-3 метр урт байна. Гэтэл машины урт 4.5 метр байдаг шүү дээ. Бүгд машинаа унаад гарахад Улаанбаатар хотын гудамж, замуудад машин нь багтахгүй. Бүр зайгүй зогсоно. Ийм тоон үзүүлэлт гарсан нь автомашин хэт их болсонтой холбоотой.
-Сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт аль хэсэгт илүү сайн үйлчилж байна вэ. Зарим газарт ачаалал улам нэмэгдлээ гэсэн шүүмж байна?
-Сургуулийн эхлэх хуваарьт өөрчлөлт ороод удаагүй учир үр дүнг тооцоход эрт байна. Иргэд зорчилтын хэвшил, дадалд ороход хугацаа хэрэгтэй. Ер нь 14 хоногийн хугацаанд үр дүн гараад явна. Замын хөдөлгөөн дээр урьдчилсан тооцоо, судалгаа хийнэ гэдэг бол программчлалын түвшинд, мэргэжлийн инженерчлэлийн түвшинд хийхээр үр дүн өгдөг. Гэтэл замын хөдөлгөөний хууль, дүрмийн хэрэгжилт байхгүй болсноор судалгааны дүн унадаг. Мөн жолооч, иргэд дүрмээ зөрчиж эрсдэл гаргах нь элбэг.

-Яармагийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгоё гэдэг санал иргэдээс гарч байна. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн сонголт хийж байж түгжрэлээс ангижирна. Яармагийн хувьд Нисэхийн тойргоос “Мишээл экспо” хүртэл энэ зохицуулалт нь боломжтой. Энхтайваны гүүр хоёр эгнээ учир боломжгүй. Өөрөөр хэлбэл, өргөн гудамж, замуудаар нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах боломжтой юм.
-Осол аваар замын хөдөлгөөнд хэр нөлөөлдөг вэ?
-Ослоосоо шалтгаална. Зарим нь даатгалын газраа хүлээгээд 2-3 цаг болдог байхад зарим нь 20-30 минут болно. Хохирол багатай бол иргэд хоорондоо тохиролцоод, шууд хөдөлгөөнд оролцох нь бий. Камерт бүртгэгддэгээр өдөрт багадаа 16 осол гардаг.
Өчигдөр шөнийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн хэмжээнд 308 дуудлага ирснээс 24 дуудлага, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй, 245 нь зөрчлийн шинжтэй, 24 нь согтуу жолоочтой холбоотой, 27 нь бусад төрлийн дуудлага байна. Өчигдөр шөнө нийт 98 согтуу жолоочийн зөрчлийг илрүүлсэн. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Мөн өчигдөр шөнө жолоодох эрхгүй 40, эрүүлжүүлсэн 15 жолооч бүртгэгдсэн.
-Зам дээр осол гарсан нөхцөлд түгжрэл хэр хугацаанд арилах вэ?
-Зам тээврийн осол гарахад 15-20 минутын дотор ойролцоох хоёр километрийн радиуст нөлөөлж, уулзварууд дахь хөдөлгөөнийг нам зогсоход хүргэдэг. Осол гаргасан машинууд замаа чөлөөлсөн ч замын ачаалал хэвийн хэмжээнд хүрэхийн тулд хугацаа шаарддаг.
-Сургуулийн цагийг зөрүүлэх зохицуулалт, ажлын цагийг уян хатан байлгах зөвлөмжтэй хамт цогц хэрэгжсэнээр үр дүн гарна. Үүнд аж ахуйн нэгжүүд хэрхэн хандаж байна вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллагууд дотроо ажилтны зорчилтын судалгаа хийж, гаргасан шийдвэрийг дэмжвэл үр дүнд хүрнэ. Бид дангаараа түгжрэлийг шийдэж чадахгүй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/09/03
Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
-
Дэлхий нийтээр..2021/12/05
Хүнд суртал, чирэгдлийг арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч эхэллээ
-
Дэлхий нийтээр..2022/05/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөл бара...
-
Дэлхий нийтээр..2026/01/23
Нийт нутгийн 87 хувьд цастай байна
