Үйл явдал
Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байна
Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд бүрэн дуусна. Уг ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд долоон ААН оролцож байгаа юм. Харин гэрээтээр 24 ААН Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж байна.
Өнөөдөр /2024.08.12/ НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар ХУД-ийн 4 дүгээр хороо Яармагийн түр гүүр орчимд ажиллалаа.

Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Яармагийн түр гүүрийг ААН-үүд нийлж, 60 орчим сая төгрөгөөр барьсан. Үүнийг албажуулна гэж байсан ч стандартын бус түр гүүр учраас боломжгүй юм. Энэ зуны болон өнгөрсөн зуны борооноор түр гүүрийг сэтэлсэн боловч буцаагаад өөрсдөө хучаад, засварладаг. Үүнээс болж ахуйн хог хаягдал түр гүүрэн доор бөөгнөрч, голын усыг боож байна. Дунд голыг цэвэрлэж байгаа энэ үед эрсдэл үүсгэж байгаа байршил нь энэ түр гүүр юм. Гүүрийг нураах албан бичгийг нийслэлийн Замын Хөгжлийн газар болон Хотын стандарт, Хяналтын газар руу өгсөн” гэлээ.

Ирэх долоо хоногт стандартын шаардлага хангахгүй байгаа энэ гүүрийг буулгаж, албан шаардлагыг аж ахуй нэгжүүдэд өгнө. Яармагийн шинэ гүүрийг бүрэн дуусгаж үүгээр явах замыг нээн, дулааны шугамыг голын урсац боохгүйгээр дээгүүр нь явуулахаар зөвшилцөнө гэдгийг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлж байв.


Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2021/09/22
"Криптовалют, түүнийг мөрдөн шалгах нь" сэдэвт цахим сургалт зохион ба...
-
Үйл явдал2024/08/16
БХЯ: Түүхт ойн хүрээнд 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлнэ
-
Дэлхий нийтээр..2025/11/07
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна
-
Үйл явдал2023/09/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
