Тод мэдээ
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгаж байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна.
Харин далангийн баруун талын түшиц ханыг инженерийн шугам сүлжээг шийдсэний дараа хийж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажиллаж, уг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Өнгөрсөн жилийн үерийн материаллаг хохирлыг тооцоход 35 тэрбумын үнэлгээ гарсан. Ахин ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Хан-Уул дүүргийн 50 га талбайд мод тарихаар болсон гэдгийг УБЗАА-ийн Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хэлж байв.
Усны газрын дарга З.Батбаяр “Энэ жил урьдчилан сэргийлэх ажлыг эрт эхлүүлээгүй байсан бол өнгөрсөн жилийн үер давтагдах байсан. Голын урсцыг сайжруулж, өргөнийг нэмснээр эрсдэлээс сэргийлж чадсан” гэлээ.
Тод мэдээ
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад гэсэн зургаан дэд төвд авто зам, инженерийн дэд бүтцийг байгуулж, гэр хорооллыг барилгажуулж байна.
АХБ-ны Төв Баруун Азийн Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын захирал, хатагтай Жинмин Хуан, АХБ-ны Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын Хот байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов өнөөдөр Баянхошуу дэд төвийн төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслөөс Баянхошуу, Шархад, Сэлбэ дэд төвд үндсэн шугам сүлжээг бүрэн гүйцэтгэжээ. Тиймээс “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Баянхошуу, Шархад дэд төвд барилгажуулалтын ажил ид явагдаж байна.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хүрээнд зургаан дэд төвийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар дөрвөн дэд төвийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгээд явж байна. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн төлөвлөсөн ажлууд бүрэн дуусгавар боллоо” гэсэн юм.
НОСК-иас Баянхошуу, Шархад дэд төв тус бүрд 5.5 га газрыг 2019 онд чөлөөлж өгсөн байна. Дээрх газруудад суурь судалгаа болон зураг төслийг боловсруулан дуусгаад, 2023 оноос барилгын ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн ерөнхий инженер П.Сүрэнжав “Олон улсад эко технологийг амины орон сууц барихад ашигладаг. Манай улсын хэмжээнд нийтийн орон сууцад эко технологийг ашиглаж байгаа анхны төсөл. Монгол Улсад ногоон орон сууцыг бий болгосноор иргэдэд эрчим хүч, дулаан, усны хэмнэлт бий. Дулаан, цахилгааныг 25 хувиар хэмнэх боломж бүрдэнэ.” хэмээв.
Баянхошуу дэд төвд эхний ээлжинд 460 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдүгээ барилга угсралтын ажил эхлүүлжээ. Энэ онд дөрвөн блок буюу 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд үлдсэнийг нь 2025 онд дуусгавар болгох аж. Шархад дэд төвд мөн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Дэд төвийн бүс дэх айл өрхүүд газраа орон сууцаар солих юм. Тухайлбал, Баянхошуу дэд төвд нийт 2200 орон сууцыг барилгажуулахаар газар чөлөөлөлт явагдана.
Тод мэдээ
Энхтайваны гүүрийн доор үерийн хамгаалалтын түшиц хана барина
2023 оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан.
Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас үе шаттай ажлуудыг хийж байгаа билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барихаар боллоо.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энхтайваны гүүрний энэ хэсэгт өнгөрсөн жил үерийн улмаас замын хоёр тийшээ ус хальж, хүнд нөхцөл үүсч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр нийт 3 метр өндөр, 50 метр урт босоо түшиц хана цутгахаар зураг төсөл дуусаж, бэлтгэл ажлыг хийж байна. Энэ ажлыг ирэх долоо хоногт эхлүүлж, 14 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн” гэлээ. Энэ онд Сэлбэ, Дунд гол дагуу нийт 9 байршилд далан хүчитгэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Улиастайн гол, Хайлааст орчимд болон “Шунхлай” шатахуун түгээгүүрийг буулгаж хүчитгэх ажлыг хийсэн. Мөн 25 дугаар эмийн сангийн хойно үерээс сэргийлэх босоо түшиц хана, “Бөмбөгөр” худалдааны төв, “Сүнжингранд” орчимд далан засварлах ажлуудыг үе шаттай хийнэ. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Цахим орчинд тарсантай адил “Акуа гарден”-ыг хамгаалж далан барьсан зүйл байхгүй. Бид зөвхөн зам руу хальсан, нүхэн гарц руу дүүрсэн хэсгүүдийг засварлахаар ажиллаж байна. Тиймээс иргэд ажлыг хариуцсан хүмүүсээс нь үнэн, бодит мэдээллийг авч байгаарай” гэдгийг хэлэв.
Тод мэдээ
ЗГ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болголоо.
УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж эдгээр хуулиар нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудлыг зохицуулсан.
Мөн Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “20 минутын хот Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, тунел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгож нэмэлт оруулж боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.
-
Тод мэдээ2024/02/16
БШУЯ: Анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
-
Тод мэдээ2020/12/09
Ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах заавр...
-
Тод зураг2019/07/22
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Өнөөдөр2019/10/22
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана