Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд...

Нийслэлийн Засаг даргын “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2024 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн А/656 дугаар захирамжаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын алба, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй завьт болон хөдөлгөөнт эргүүлийг тодорхой байршлуудад ажиллуулсан.
Энэхүү захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх голуудад завьт болон хөдөлгөөнт эргүүл, хяналтын үйл ажиллагааг 2024 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс бүрэн зогсоосон тул аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг голд тавьж ашиглахгүй байх, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулж байна.
Тод мэдээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Монгол Улс Узбекистан Улстай 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Тод мэдээ
Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг Г.Дамдинням сайдад үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа.
Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийн тайланг ЗГХЭГ-т сар бүр ирүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, эхлүүлэх, 2025-2026 оны өвлийг цахилгаан, дулааны хямралгүй даван туулах, шахмал түлшний нөөц бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн тасалдалгүй байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг долоо хоногт боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо. Түлшний нөөц бүрдүүлэхдээ БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авахгүйгээр дотоодоос авах боломжийг судлахыг даалгалаа.
Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тээвэр, нислэгийн асуудалд онцгой анхаарах, мөн хүнсний хангамжийг хэвийн байлгах, газар тариалангийн бүс, төвийн нутгаар ган гачигтай байгаатай холбогдуулан ургац алдахаас сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газрын хуралдааны журмыг хатуу баримтлан ажиллахыг Ерөнхий сайд Албан даалгавраараа үүрэгжүүлжээ.
Тод мэдээ
Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төсвийн хэмнэлтэд нийцүүлэн чиг үүргийн давхардал, хийдэл, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг холбогдох хууль тогтоомж, бодлогод нийцүүлэн эрхлэх хүрээний асуудлыг хариуцах стратегийн төлөвлөлт, бодлого гаргах, бодлогын хэрэгжилтийн зохицуулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх болон төрийн захиргааны удирдлага, санхүү, хөрөнгө оруулалтын чиг үүрэг бүхий нэгжтэй тодорхойлж бүтцийн нэгжийн болон орон тооны хязгаарыг тогтоож Засгийн газрын дараагийн хуралдаанд хэлэлцүүлэн шинэчлэн батлуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай, дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.