Тод мэдээ
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.
Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой.
Тод мэдээ
Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна.
Зам засварын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Тус авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөн хийнэ. Мөн авто замын хашлагыг солихоос гадна суурийг цементээр бэхжүүлэх юм. Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг хоёр хувааж хийхээр төлөвлөсөн. Харин явган хүн болон бусад ажлыг зургаадугаар сарын 30-наас өмнө дуусгахаар төлөвлөж байна” гэв.
Мөн зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замыг засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварласан бол үргэлжлүүлэн Хандгайт, Баянбулаг, Жигжид, Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг чиглэлийн замын нөхөн эвдрэлийг засварлана.
Зам хаах мэдээллийг тухай бүрт нь иргэдэд хүргэнэ гэдгийг мөн онцолж байлаа.
Тод мэдээ
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав.
Хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсныг сайд тодотгов.
Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг, хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой гэж үзжээ.
Хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой харилцааг тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө боловсруулж байсан төслүүдийн алдаа, оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал, зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллав хэмээн сайд мэдээлсэн.
Мөн тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасныг дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар Хэвлэн нийтлэх эрх, түүнтэй холбоотой бусад ойлголтуудыг нэг мөр ойлгох боломж бүрдэх, хэвлэн нийтлэх эрхийг өргөн хүрээнд тайлбарласнаар зөвхөн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага бус олон нийтийн эрх ашгийн төлөө хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлдэг бусад этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажиллах, мэдээллийн эрх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдлийг хэвлэл мэдээллээр дамжуулан илчлэх, хариуцлагатай, ёс зүйтэй, сэтгүүл зүй хөгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл бий болохоос сэргийлснээр олон ургальч үзэл оршин тогтнох орон зай нэмэгдэж, эзэмшигч ил тод, нээлттэй байснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй болно гэж сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах зохицуулалтыг шинээр баталгаажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж байна. Ингэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ хэмээн тодруулсан. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой ямар зохицуулалт хуулийн төсөлд туссаныг лавлав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар үндэсний олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд эх сурвалжийн хамгаалалт байхгүй. Бид энэ удаагийн хуулийн төсөлд “эх сурвалж” гэдгийг сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэс болж байгаа баримт мэдээллийг өгч буй этгээдийг хэлнэ гэж тодорхойлоод, эх сурвалжаа нууцлах эрхийг нь бүрэн нээж өгөхөөр тусгасан. Харин хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодитой хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр оруулсан гэлээ. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа орон нутгийн сэтгүүлчидтэй уулзан тулгардаг бэрхшээлийнх нь талаар сонсож, анхаарах асуудлыг тусгахыг зорьсон гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтэд “илт худал мэдээлэл”, “ташаа мэдээлэл” гэсэн ойлголтуудын ялгаа, заагийг тодруулах хэрэгтэй гэж дурдсан байна. Илт худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага ногдуулах, ташаа мэдээлэл гэдэг нь хууль зүйн ямар агуулгыг илэрхийлэхийг тодруулсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хуулийн төсөлд “ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг; ”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ хэмээн тодорхойлсон. Нэг хүн намайг 15 удаа гадагшаа явсан гэж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж. Харин тэр хүн үнэндээ 13 удаа явсан байж. Ийм тохиолдол гарсан. Энэ бол илт худал мэдээлэл биш. Сэтгүүл зүйд бид эндүүрэл, ташаарал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Хуулийн төсөлд дээрхийг тодорхойлон оруулснаар эндүүрсэн, ташаарсан мэдээлэл бүртэй нь холбогдуулан сэтгүүлчийг илт худал мэдээлэл тараалаа гэж буруутгах боломжгүй болох юм гэж хариулав.
Дараа нь УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр тогтоосон тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
-
Тод мэдээ2022/03/24
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын бүртгэл өнөөдөр дуусна
-
Тод мэдээ2022/02/14
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
-
Өнөөдөр2019/08/19
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
-
Өнөөдөр2021/06/03
Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулж байна