Дэлхий нийтээр..
Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг боллоо.
Өдөрлөгийн үеэр дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх сэдвээр холбогдох байгууллагаас мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжин ажилласаар ирсэн бөгөөд энэ хүрээнд дотор махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөөц боломж их байгааг онцлон засгийн газраас дэмжиж байгаа нь чухал ажил болж байна” гэв.
УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг “Бид малын дотор махыг уламжлалт аргаар боловсруулж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд дотор махыг хэрэглэх нь багассан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бид бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зэрэг асуудалд санал солилцлоо. Өнөөдөр дотор махыг ашиглан чанарын өндөр түвшинд боловсруулан гаргадаг хоол хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа” гэв.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд махны үйлдвэрлэлээс жилд Монгол Улс 250 мянган тонн дотор мах гаргадаг бөгөөд үүний 19 хувийг дотоодод хэрэглэдэг. Харин үлдсэн хэсгийг ашиглахгүй хаягдал болгодог байна. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д аминдэмээр баялаг хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд юм.

Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Дэлхий нийтээр..2021/05/03
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /2021.05.03/
-
Үйл явдал2022/06/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Хэн юу хэлэв...2021/10/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд...
-
Үйл явдал2024/03/14
“Дэлхийн Монгол Аавууд”-дад хүндэтгэл үзүүлэх цэнгүүн маргааш болно
