Тод мэдээ
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын ногоон хөгжлийг эрчимжүүлж, цахим, хүнд сурталгүй хотыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ хурдны тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх LRT төсөл болон бусад цахим шийдлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд дэлхийн ухаалаг хотуудын нэгдүгээрт жагсдаг Сингапур улсын арвин туршлагыг нутагшуулахад өндөр ач холбогдол өгч, хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ уламжлав.
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Ташрамд дурдахад, ирэх жил Монгол Улс, Сингапур улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо.
Тод мэдээ
“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” үзэсгэлэн гаргана
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” түр үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:30 цагт үүдээ нээнэ.
Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Байгалийн түүхийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд далай тэнгисийн амьтдын төлөөлөл болох хясаа, дун, шүр, далайн од зэрэг 375 цуглуулгыг дэлгэн үзүүлнэ гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.
Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Энэ хүрээнд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхээр санал нэгдэв.
Түүнчлэн Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцав.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хоёр улсын хамтын хувь нэмрийг оруулах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.