Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0–3.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Нутгийн зүүн хагаст хүйтэрнэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11–16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7–12 хэм, бусад нутгаар 1–6 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0 хэмээс 5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өчигдрийн өдрийнхөөс 5 хэмээр хүйтэрч, өдөртөө 7–9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр. Өчигдрийн өдрийнхөөс 9 хэмээр хүйтэрч, өдөртөө 10–12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өчигдрийн өдрийнхөөс 8 хэмээр хүйтэрч, өдөртөө 10–12 хэм хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 28-наас
2026 оны арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-ноос 28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сум болон Архангайн баруун сумдын нутгаар, 28-ны өдөр Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар, 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Дорноговийн зарим сум, Завханы ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Мөн 29-ний өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 30-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.
Хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30–35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23–28 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11–16 хэм, бусад нутгаар 17–22 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18–23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13–18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2–7 хэм, бусад нутгаар 8–13 хэм хүйтэн байна.
Үйл явдал
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Олон улсын түвшинд өргөн мэдлэг, манлайлах ур чадвар, соёл хоорондын орчинд ажиллах чадамжтай, дэлхийн засаглалын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас “Хятад улсад суралцах шилдэг манлайлагч оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарлажээ.
Тэтгэлгийн мэдээлэл:
1. Элсүүлэх оюутны тоо: 200 хүн.
2. Суралцуулах зэрэг: Магистр
3. Суралцах хэл: Англи хэл.
Сургалтын хэлбэр, үргэлжлэх хугацаа:
Хөтөлбөр нь “1+1” загвараар хэрэгжинэ. Тодруулбал, суралцагч эхний хичээлийн жилд БНХАУ-ын их сургуульд танхимын сургалт болон судалгааны ажлаа гүйцэтгэж, магистрын дипломын ажлаа бичих бэлтгэл хангана.
Хоёр дахь хичээлийн жилд эх орондоо буцаж, өөрийн ажил мэргэжлийн бодит туршлагад тулгуурлан судалгааны ажлаа үргэлжлүүлж, дипломын ажлаа дуусгана. Их сургуулийн шаардлагын дагуу Хятад улсад очиж дипломын ажлаа хамгаална. Хамгаалалтад тэнцсэн суралцагчид магистрын зэрэг олгоно.
Тэтгэлгийн хэмжээ: Бүрэн тэтгэлэг.
Хүсэлт гаргагчид тавигдах шаардлага
1. Монгол Улсын иргэншилтэй, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хэвийн, 45-аас доош настай байх.
2. Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай байх. Хүсэлт гаргаж буй хөтөлбөртэй холбоотой мэргэжлээр суралцсан эсвэл ажилласан туршлагатай иргэнд давуу эрх олгоно.
3. Хүсэлт гаргагч нь дараах дөрвөн ангиллын аль нэгэнд хамаарах шаардлагатай. Үүнд:
1. Төрийн байгууллагын хэлтсийн дарга болон түүнээс дээш түвшний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч;
2. Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах түвшний албан тушаалтан;
3. Их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын захиргааны удирдах ажилтан;
4. Олон улсын байгууллагад ажиллаж байсан эсвэл дадлага хийсэн туршлагатай иргэн.
4. Суралцахаар зорьж буй их сургуулийн Урьдчилсан элсэлтийн батламж буюу (Pre-admission Letter)-тэй байх шаардлагатай.
Уг батламжид их сургуульд бүртгүүлэхэд шаардлагатай хувийн мэдээлэл, элсэх хугацаа, суралцах мэргэжлийн мэдээлэл зэрэг багтсан байна.Мөн хүсэлт гаргагч нь өмнө нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой.
Хүсэлт гаргах журам:
Хүсэлт гаргагч нь 2027 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23:59 цагаас өмнө Хятадын Засгийн газрын тэтгэлгийн цахим бүртгэлийн системд нэвтэрч хүсэлтээ гаргана. Мөн суралцах боломжтой их сургуулийн жагсаалт, хөтөлбөрийн мэдээллийг холбоосоор дамжин авах боломжтой. Цахим бүртгэлийн холбоос: Хятадын Засгийн газрын тэтгэлгийн цахим бүртгэлийн системhttps://studyinchina.csc.edu.cn/?utm_source=chatgpt.com...
Бүртгэлийн үед:
· Тэтгэлгийн төрөл: Type A
· Хүлээн авах байгууллагын код: 1563
· Хөтөлбөрийн нэр: Youth of Excellence Scheme of China гэж сонгоно.
Үйл явдал
АТГ 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны арваннэгдүгээр сарын 16–22-нд эрүүгийн 1032 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Үүнээс 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөн гурван хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор 1006 хэрэг мөрдөн шалгах шатанд байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүдийн дунд дараах хэргүүд багтжээ.
- Нэр бүхий иргэд үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээ авахын тулд нийтийн албан тушаалтанд бусдаар дамжуулан удаа дараа хахууль өгсөн гэх хэрэг.
- Нийтийн албан тушаалтан гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээр бусдын банкны дансыг ашиглан хэрэглээний зээл, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлж, гэрээний мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх хэрэг.
- Нийтийн албан тушаалтан барилга угсралтын ажилд мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаар магадлал, дүгнэлт гаргуулалгүйгээр гүйцэтгэгчид орон нутгийн төсвөөс 328.4 сая төгрөг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэг.
АТГ мөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 29-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, тавд хэрэг нээхээс татгалзах, нэгийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Үлдсэн 73 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар гурван мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Үйл явдал
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
Өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр"Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь ямар нэг дундын зуучлалгүйгээр малчид, үйлдвэрлэгчид өөрсдийн гараар бэлтгэсэн шинэ мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, жимс жимсгэнээ борлуулж буйгаараа онцлог юм. Худалдаа өнөөдөр эхэлсэн хэдий ч иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй, оролцогч малчид, үйлдвэрлэгчид борлуулалт сайн байгааг хэлж байна. Нийслэлчүүд та бүхнийг тав хоногийн турш үргэлжлэх “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаагаар зочилж, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнийг малчид, үйлдвэрлэгчдийн гар дээрээс худалдан авахыг уриалж байна” гэлээ.





-
Үйл явдал2020/09/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Дэлхий нийтээр..2024/06/19
Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигчдийг багаа...
-
Дэлхий нийтээр..2022/10/24
УАУ-ы Их эмч Ж.Гончигдорж: Хий, шар, бадганы хувь тэнцүү хурсан өвөрчлөлтэй хүүх...
-
Үйл явдал2020/12/23
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
