Үйл явдал
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2024 оны 11 дүгээр сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 23-24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 18-22-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-14 хэм, бусад хэсгээр 4-9 хэм хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. 23-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 9-14 хэм, өдөртөө бүх хэсгээр 0-5 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсооло
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эйч эс Эйч эс ХХК, Атилла гоулд ХХК, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо.
Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
- Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
- Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
- Хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
- Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан;
- Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.
Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Үйл явдал
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Үйл явдал
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
-
Дэлхий нийтээр..2023/05/16
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит 79 дүгээр чуулга...
-
Дэлхий нийтээр..2026/03/16
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүр...
-
Үйл явдал2022/11/15
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2023/07/19
4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүллээ
