Тод мэдээ
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа

УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Ханнс Зейделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт, суурин төлөөлөгч ноён Феликс Гленк болон урилгаар хүрэлцэн ирж маш чухал сэдвээр илтгэл тавьсан хатагтай Виттед чин сэтгэлийн талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны үр дүнд чуулга уулзалт тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо.
Тэрбээр, ес дэх удаагийн парламент сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй бүрдсэн хэмээгээд, таван намын төлөөлөлтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, хамгийн олон мэргэжил, туршлага бүхий гишүүдтэйгээрээ онцлог болохыг дурдсан. Түүнчлэн энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйн хувьд эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг илүү түргэтгэнэ хэмээн иргэд өндөр хүлээлттэй байгааг тодотгосон юм.
Тэрбээр тус сургалтад оролцогчид хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өдөр тутмын ажилдаа ашиглах арга зүйтэй болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Хатагтай Фредерикэ Витте ХБНГУ-ын Захиргааны хэргийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, Засгийн газарт зөвөлгөө өгч ажилладаг бие даасан байгууллагад, улмаар Байгаль орчны болон Нийгмийн хамгааллын яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тухайгаа танилцуулаад, хууль тогтоомжид үнэлгээ хийх, хуулийн төсөл боловсруулахаас өмнөх урьдчилсан судалгаа хийх аргачлалын талаарх туршлагаа хуваалцан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ
Геодези, усны барилга байгууламжийн газраас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна.
Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тод мэдээ
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж буй.
Тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг буулгаж шинээр орон сууцжуулах төслийг 2009 онд анх “Гэзэгийн худаг” ХХК хийхээр төлөвлөж, хоёр талт гэрээг иргэдтэй байгуулсан боловч төсөл хэрэгжилгүй удаж иргэдийг хохироосон асуудал гарсан тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны А/498 дугаар захирамжаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-д төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах эрхийг шилжүүлэн төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Ингээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ны А/536 дугаар захирамжаар тухайн байруудыг буулгаж, шинээр орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр "Мөнх ариун булаг" ХХК-ийг батламжилж, 2023 оны 07 сард эхний ээлжийн орон сууцуудыг буулган барилгажуулах төслийг эхлүүлсэн байдаг.
Төслийн хүрээнд долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий 720 айлын орон сууц баригдах бөгөөд төслийн барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бол эхний 2 блок орон сууцны барилгын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна.
Тод мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотод зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6 дугаар бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлтөөр 2025 оны наймдугаар сарын 1-нээс автобензиний экспортыг нэг сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй хэмээв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-аас хоёр орны нийгмийн өргөн хүрээг хамарсан олон талт харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, шинээр бүрдүүлэхийн төлөө ажиллаж буй гэв. Цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.