Дэлхий нийтээр..
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж байна
Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Энэхүү зөрчилтэй барилгын дунд үйл ажиллагаа явуулж буй 24 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдийн эцэг эхийн гомдлын дагуу бид өмнө нь шалгалт хийсэн. Тухайн үед нийслэлийн улсын ахлах байцаагчийн 13 албан шаардлагыг өгсөн бөгөөд одоогоор албан шаардлагын биелэлтийг шалгахад 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгийн цонх болон харагдах байдлыг хааж байрлуулсан краныг буулгаж, зарим хэсгийн эмх замбараагүй байдлыг цэгцэлсэн байна. Харин одоо нэн түрүүнд цэцэрлэгийн хүүхдүүдийн зорчих орц, гарцуудыг нээх шаардлагатай. Шалгалтын дагуу өгсөн үүрэг даалгавар бүрэн биелээгүй байгаа учир тус компанид өгсөн улсын байцаагчийн албан шаардлагыг нийслэлийн Стандартын газар болон нийслэлийн Орон сууцны бодлогын газарт дахин хүргүүлнэ” гэв.

Мөн аравдугаар сард “Карлсбэрг” ХХК-иас ирсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхэд “Мөнх ариун булаг” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа эрчим хүчний доголдол үүсгэсэн байсныг тогтоосон. Тус компанийн үүсгэсэн зөрчилд таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн ажлын хэрэгжилт 80 хувьтай байна.

“Мөнх ариун булаг” ХХК-ийн зүгээс “Цэцэрлэгийн орц, гарцыг шийдэх ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй” гэсэн тайлбар өглөө.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/08/12
Зүүн дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг түр хаана
-
Чөлөөт бүс2022/06/21
Дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей
-
Дэлхий нийтээр..2023/09/21
Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоциклийн хэрэглээг хориглоно
-
Чөлөөт бүс2019/12/30
“Харанга” хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээв
