Тод мэдээ
Бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаарх ажлын хэсэг ажлын удирдамжаа баталлаа
Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш мэргэжлийн элсэлтийн талаар тус сургуулийн проректор Д.Соронзон ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлээ. Тэрбээр, тус сургуулийн 2024-2025 оны элсэлтийн хяналтын тоо, гүйцэтгэл 86 хувьтай байна. Тухайлбал, Архангай аймгийн салбар сургуулийн хяналтын тоо 185 байхаас 149, Багшийн сургуулийн хяналтын тоо 350 байхаас 393, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хяналтын тоо 130 байхаас 44 гэх мэт бүрэлдэхүүн сургуулиудын хяналтын тоог танилцуулж, багш мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, багшийн хомсдолыг арилгах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааний талаар мэдээлэл өгөв.
Түүний дараа нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүртээмжийн талаар хийсэн судалгааг танилцуулсан. Тэрбээр, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 30 хүртэл хүүхэдтэй бүлэг дөнгөж 42 хувь байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлөө тооцоод 35-39 хүүхэдтэй бүлэг хичээллэхийг хүлээн зөвшөөрч, 40-ээс дээш хүүхэдтэй бүлэг хичээллэхийг зогсоох ёстой юм. Энд хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа. Тэр байтугай 60 давсан хүүхэдтэй бүлэг 20 байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж буй энэхүү асуудлыг даруй хуульчилж шийдэх ёстой. 2015 оноос хойш төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо 23.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 986 багш дутагдалтай байгаа бөгөөд багшийн тоог нэмэгдүүлэх, боловсролын мэргэжил сонгон суралцагсдын болон төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан.
Түүний дараа ажлын хэсэгт 2025 оны хагас жил хүртэлх ажлын удирдамжийн төслийг танилцуулан хэлэлцүүлж, батлав. Мөн ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгээс Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хүний нөөцийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг судалж, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болон Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, нийслэлийн авто замын түгжрэл, мөн “Үндэсний баялгийн сан”-гийн талаар хэлэлцэж байна.
Үүнээс гадна УИХ-д өргөн барих Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэр гаргах юм байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг дэлгэрэнгүй мэдээлнэ.
Тод мэдээ
Өдөр бүр хичээе
Зам тээврийн осолд хохирсон иргэдийг дурсах дэлхийн өдрийг “Өдөр бүр хичээе” уриалга дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.
Жилд дунджаар 25-30 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, өдөрт дунджаар 300 гаруй зам тээврийн осол гарч байна.
Дээрх өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршино.
Манай улсын хувьд энэ өдрийг жил бүр “Хичээх өдөр” уриалгатайгаар зам тээврийн ослын хор уршгийг иргэд, жолооч нарт таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулдаг.
Иймд иргэд, жолооч та бүхнийг энэ өдөр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Тод мэдээ
ЦЕГ: Реппер Roockie-г олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
Цагдаагийн байгууллагаас иргэн У.Мөнхбагана (реппер Roockie)-ыг олж тогтоон, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хэргийг сануулбал рэппер Rookie буюу У.Мөнхбагана согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тус бичлэгт реппер залуу ёс бус үг хэлж согтуу машин жолоодож, "намайг барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" хэмээн хэлж байв.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
-
Өнөөдөр2023/12/22
Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аваргууд шалгарлаа
-
Өнөөдөр2023/02/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2024/09/30
Галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Тод мэдээ2023/08/03
Өмнөговь аймгийн Ханбогд суманд нөөлөг салхины үзэгдэл боллоо