Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн Монгол, Туркийн хамтарсан багийн археологийн хайгуул судалгааны ажлын явцтай танилцлаа.
Ил хан Хүлэгү 1259 оны намар тус нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг харгалзан ордон байгуулахаар тогтсон бөгөөд барилгын ажил 1261 онд эхэлж, 1265 онд дууссан гэж түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг.
Монгол Улсын их сургууль, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судалгааны баг 2022, 2023 онд Турк Улсын Ван аймгийн Чалдыран сумын нутагт археологийн хайгуул судалгаа, сорилтын малтлага хийн уг зуны ордны туурийг нээн илрүүлсэн.

Түүхэн сурвалжид Аладаг буюу Алаг уулын хот хэмээн тэмдэглэгдсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн нийт хэмжээг 900×1200 метр.квадрат хэмээн археологийн судлаачид тогтоогоод байна. Малтлагын явцад хас хээтэй ваар болон зээбадын дүрстэй ваарын үлдэгдэл олдсон нь Ойрх Дорнодын бүс нутгаас анх удаа монгол загварын эдлэл олдсон тохиолдол болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 760 жилийн өмнө баригдаж дууссан Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн малтлагын талбайд ажиллаж, Ван нуурын Акдамар сүмийн хана дээрх Хүлэгү хааны чулуун хөргийг үзэж сонирхлоо.

Ерөнхийлөгч тус судалгааны ажлын ач холбогдлыг онцлохын хажуугаар судалгааны дараагийн шат, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар эрдэмтэн судлаачидтай ярилцаж, үргэлжлүүлэн өргөн хүрээний малтлага, судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Аладагийн орд хот буй газрыг БНТУ-ын нэгдүгээр зэрэглэлийн археологийн дурсгалаар бүртгэн авч улсын хамгаалалтад оруулсан бөгөөд эхний ээлжинд хотын бүрэн хэмжээг нарийвчлан лавтай тогтоож, байгалийн болон хүний хөнөөлт нөлөөнөөс хамгаалах шаардлага тулгарч байгааг эрдэмтэд онцлов.

МУИС, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Турк дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг судлан шинжлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2022 оноос эхлэн “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутагт буй Аладагийн ордны хайгуул судалгаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, БНТУ-ын Үндэсний их хурлын гишүүн Бурхан Каяатүрк, Үндэсний их хурлын гишүүн Каяхан Түркменолу, Соёл, аялал жуулчлалын дэд сайд Гөкхан Язгы, Ван аймгийн Захирагч Озан Балжи, Монгол, Туркийн хамтарсан археологийн багийн эрдэмтэн судлаачид Ван аймагт ажиллалаа.


Дэлхий нийтээр..
АНУ, Израилийн цохилтын улмаас Иранд мянга мянган хүн амиа алджээ
АНУ, Израилийн Иранд хийсэн цэргийн цохилтын улмаас олон мянган хүн амиа алдаж, шархадсан талаар Al Jazeera мэдээлжээ. Тус сувгийн мэдээлснээр 2026 оны хоёрдугаар сарын 28-наас хойш Иранд хийсэн цохилтын улмаас дор хаяж 3375 хүн амиа алдаж, 26,500 гаруй хүн шархадсан байна.
Мөн Израилд 26 хүн амиа алдаж, 7000 гаруй хүн шархадсан бол Ирак, Ливанд ч хохирол бүртгэгдсэн байна. Энэхүү мөргөлдөөн нь бүс нутгийн хэмжээнд өргөжиж, олон улс оронд хүний амь нас, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж байгааг онцолжээ.
Гэсэн хэдий ч хохирлын тоо, нөхцөл байдлын талаарх мэдээлэл цаг хугацааны явцад өөрчлөгдөж болзошгүйг эх сурвалж анхааруулсан байна.
Дэлхий нийтээр..
Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзаж, энх тайвныг дэмжихээ илэрхийлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитэй уулзаж, Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал болон хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, дипломат аргаар шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан байна. Владимир Путин зөрчил мөргөлдөөнийг намжааж, энх тайвныг тогтоохын төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн Орос, Ираны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Ираны талаас дээд удирдлагын захидлыг дамжуулсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч талархал илэрхийлсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.
Энэ удаагийн уулзалтаар тодорхой гэрээ, шийдвэр гаргаагүй ч хоёр тал дипломат шугамаар асуудлыг шийдвэрлэх, харилцаагаа хадгалж, бэхжүүлэх байр сууриа дахин нотолсон байна.
Дэлхий нийтээр..
“Стандарт энд Пурс” агентлаг Бельгийн зээлжих зэрэглэлийг буурууллаа
Газрын тосны үнэ огцом өсөж буйтай зэрэгцэн олон улсын зээлжих зэрэглэлийн Стандарт энд Пурс агентлаг дөрөвдүгээр сарын 24-нд Бельги улсын зээлжих зэрэглэлийг “AA”-аас “AA-” болгон бууруулж, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээсэн байна.
Тус агентлагийн мэдэгдэлд дурдсанаар зэрэглэл бууруулсан гол шалтгаан нь Бельгийн санхүүгийн урт хугацааны тэнцвэргүй байдалтай холбоотой аж. Ялангуяа 2025 оны төсвийн алдагдал мэдэгдэхүйц нэмэгдэж, 2026–2029 онд санхүүгийн сахилга батыг сайжруулах төлөвлөгөө удаашралтай хэрэгжиж байгаа нь улсын төсөвт дарамт үүсгэж байгааг онцолжээ.
Мөн тус улсын Засгийн газрын цэвэр өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 103 хувь байсан бол 2029 он гэхэд 109 хувь болж өсөх төлөвтэй байгааг дурджээ. Үүнтэй зэрэгцэн өрийн хүүгийн зардал нэмэгдэх хандлагатай байгаа нь төсвийн ачааллыг улам нэмэгдүүлэхээр байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Бельгийн төсвийн алдагдлын хэмжээ Евро бүсийн орнуудын дунд өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд зээлжих зэрэглэл буурсан нь санхүүжилтийн өртөг өсөх, зарим хөрөнгө оруулалтын сангууд тус улсын бондыг бууруулах эрсдэл дагуулах магадлалтай юм.
Үүнээс өмнө Moody’s Analytics мөн Бельгийн зээлжих зэрэглэлд сөрөг үнэлгээ өгч байжээ.
-
Дэлхий нийтээр..2020/10/08
2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална
-
Дэлхий нийтээр..2020/11/17
Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа
-
Дэлхий нийтээр..2025/03/25
УИХ: "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага" хэлэл...
-
Үйл явдал2025/11/24
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
