Дэлхий нийтээр..
Улаанбаатар метро төслийн нэгдүгээр шугамын санхүүжилтийг баталгаажуулна
Нийслэл Улаанбаатар хотод 2025-2028 онд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах чиглэлд болон бусад 24 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрээс Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Улаанбаатар трамвай /2/ зэрэг найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн.
Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөсөн. Тухайлбал, Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.
Налайхын авто замаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар буурна.
Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийж байна.
Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2021/09/13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “LEAD MONGOLIA” арга хэмжээнд үг х...
-
Дэлхий нийтээр..2021/12/31
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол з...
-
Дэлхий нийтээр..2020/10/06
“Багш мэргэжлийн ирээдүй...” сэдвээр зөвлөх багш нар хэлэлцлээ
-
Дэлхий нийтээр..2021/09/29
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав
