Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.
2025 оны гуравдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
Үйл явдал
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Үйл явдал
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



Үйл явдал
Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
