Дэлхий нийтээр..
Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ
НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр танилцуулж, хуралдааныг эхлүүлэв.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн хүрээнд гэр, орон сууцаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар тусгажээ. Ингэхдээ сарын хэрэглээнээс хамаарч нэг өрхөд сард 50-250 мянган төгрөгийн урамшуулал олгох байна. Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн тухай бүсийн айл өрхүүдийн хэдэн хувь нь байшинд амьдардаг, гэрт амьдардаг, дулаалгыг хэрхэн хийх, аль өрхөд цахилгаан, аль өрхөд хийн түлшний төхөөрөмж суурилуулах талаар нарийн судалгааг ажлын хэсэг гаргаж хийх байна. Мөн дулаалгыг нийслэлийн зүгээс хийх бөгөөд тухайн өрх гадна фасад болон үүдний амбаарын хэсгийг заавал хариуцах байна.

Харин НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд “Нийслэлийн 52 мянган өрхийг ямар шалгуураар сонгосон, алслагдсан дүүргүүдийн өрхийг хэрхэн хамруулах, төсөл хэрэгжсэн эхэлсэн тохиолдолд наад зах нь хийн буюу газ ашиглах, төхөөрөмжийг зөв хэрэглэх тал дээр хэн хяналт тавих вэ. Урамшуулалд хэчнээн төгрөг зарцуулах вэ” гэдгийг тодруулав. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн “Айл өрхүүдэд хэдий хугацаанд урамшуулал өгөх, урамшууллыг хэрэглээнд бус дулааны алдагдлыг буруулах зорилгоор хийсэн дулаалгын материал, төхөөрөмжийн үнэд ч юм уу өгөх боломжтой юу. Тэгвэл урамшууллаас илүү эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой” хэмээн тодрууллаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар дараах хариултыг өглөө. Тодруулбал, айл өрхүүдийг сонгохдоо бүсээр нь буюу агаарын бохирдол ихтэй хэсгийг сонгосон бөгөөд Нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хороодын Засаг дарга болон өрх гэсэн гурвалсан гэрээг байгуулна. Гэрээний дагуу хяналтын ажлын хэсэг ажиллах байна. Ялангуяа хийн түлшний төхөөрөмж суурилуулах ажилд Азийн сантай хамтарч сургалт явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтад зөвхөн өрхөөс гадна онцгой, цагдаа, төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдийг хамруулах байна. Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн О.Зундуйдорж хийн хэрэглээний талаар иргэд дутуу дульмаг мэдлэг, мэдээлэлтэйгээс үүдэн сөрөг ойлголттой буюу айдастай байгаа. Тиймээс энэхүү төслийн хариуцагчид болон салбар мэргэжлийн байгууллагууд иргэдийг зөв мэдээллээр хангах чухал байна гэдгийг онцлон санал хэллээ. Улмаар Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай болон бусад асуудлыг НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/06/20
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод...
-
Дэлхий нийтээр..2024/07/05
Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүдийг хол замд зорчихгүй зө...
-
Хэн юу хэлэв...2020/09/22
Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн авлигын эсрэг тэмцлийн ач холбогдол
-
Дэлхий нийтээр..2019/09/04
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын...
