Үйл явдал
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу мэдээллийг нэг урсгалаар өгнө
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдийг зөвхөн доор нэр дурдсан албаны эх сурвалжуудаас өгсөн үнэн бодит мэдээллээр хангаж ажиллахыг телевиз, радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулж, анхааруулга хүргүүлжээ.
Тодруулвал Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор худал, ташаа мэдээлэл олноор түгээгдэж иргэдийг бухимдуулж, төөрөгдүүлэх хандлага ажиглагдаж, түүнийг дагасан олон сөрөг асуудал үүсч болзошгүй нөхцөл байдал гарсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар, УОК–оос холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ.
Улмаар зөвхөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Эрүүл мэндийн яамнаас Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн талаарх албаны үнэн бодит мэдээллийг иргэдэд мэдээллийн нэг урсгалаар өгч байхыг үүрэг болгосон юм.
Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын үед шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран шуурхай үнэ төлбөргүй, цаг алдалгүй хүргэж байхыг ХХЗХ-оос телевиз радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид болон ард иргэдэд хандан анхааруулж, тухайн хэвлэлийн байгууллагуудад анхааруулгыг албан бичгээр хүргүүлжээ.
Мөн ХХЗХ, ЦЕГ-ын Нийтийн Хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтлэсэн тохиолдолд уншигчдад сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор сүлжээндээ байрлуулж, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, илт худал мэдээ мэдээлэл тавихгүй байх, үзэн ядалт, ёс бус үг хэллэг зэргийг дэвэргэхгүй байхыг анхааруулж тусгайлан шаардлага хүргүүлсэн байна.
Түүнчлэн жиргээ/twitter/, нүүрном/facebook/-д олон нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц худал, хуурмаг мэдээлэл түгээсэн аливаа этгээдийг ЦЕГ, ХХЗХ хамтран илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаашлаад Фейсбүүк компанийн Ази Номхон далайн бүс нутгийн төвөөр дамжуулан тус хаягийг устгаж, Монгол Улсын хуулийн дагуу тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ажиллах юм.



Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

