Дэлхий нийтээр..
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд 239 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 55, Өмчлөх эрхийн эсрэг 51, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Эдийн засгийн гэмт хэрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын гэмт хэрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Нийтийн албаны ашиг сонирхлыг эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тус бүр 1 байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
- Иргэн Ж.Г нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэр бүхий албан тушаалтантай үгсэн хуйвалдаж өөрийн шууд хяналтад үйл ажиллагаа явуулдаг компаниараа дамжуулан “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх” хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн орлого болох 600 мянган ам долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсад өөрийн үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлж, улмаар Улаанбаатар хотод үйлчилгээний зориулалттай объект болон газар худалдан авч мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн Г.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн Б.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 554 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 55.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн П.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 524 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд
- Иргэн Э.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан, мансууруулах эмийн найрлагатай 40 ширхэг “Морфин” тариаг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан, уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2,3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2020/12/30
“Ган үзэг 2020” сэтгүүл зүйн салбарын оны шилдгийн шалгаруулалт эхэл...
-
Үйл явдал2019/10/29
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
-
Үйл явдал2020/12/10
Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна
-
Дэлхий нийтээр..2026/06/18
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
