Дэлхий нийтээр..
Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа
Баянгол дүүргийн нутаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалт явуулж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн K нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171 хоног (3 жил 2 сар 16 хоног) хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсныг илрүүллээ.
Тус иргэн нь 2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай “Эсү интернэйшнл” ХХК-ийн нэр дээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хяналт шалгалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичгийг биедээ авч явах журам, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.
Иймд тухайн гадаадын иргэнд Зөрчлийн тухай тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргалаа.
Мөн уригч байгууллага “Эсү интернэйшнл” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Израилын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 хүнийг оршуулжээ
Газын зурвасын Сабра дүүрэгт 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болсон Израилын агаарын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 палестиныг өчигдөр оршуулжээ.
Тэд Аль-Хассайна буюу Абу Шариа овгийнхон бөгөөд цохилтын дараа олон хүн нурангид дарагдан үлдсэн аж. Саяхан гарган авсан цогцсуудыг гэр бүл, төрөл төрөгсөд нь нутаглуулсан байна.
Газын Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, оршуулсан хүмүүсийн 40 нь хүүхэд байжээ. Палестины тал тухайн өдрийн цохилтын үеэр тус овгийн нийт 308 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Израилын тал тухайн үеийн цохилтын талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Дэлхий нийтээр..2023/10/25
Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто замыг хааж...
-
Дэлхий нийтээр..2025/01/30
Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай ...
-
Дэлхий нийтээр..2020/10/09
Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдлоо
-
Дэлхий нийтээр..2023/04/26
Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн зөвлөл байгууллаа
