Үйл явдал
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзаж, "COVID-19" коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв. Чингэхдээ манай Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’ шинжилгээнд хамруулахад солонгосын талын дэмжлэгийг хүсэв. Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүсэв.
Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг үнэлэхийн сацуу БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж ажилласныг мэдэгдэв. Одоогийн байдлаар БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадны болон дотоодын иргэдийг ‘COVID-19’-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарлав. Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, 3 үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг харилцан адил байх зарчмын дагуу нааштай шийдвэрлэхийн төлөө байгаа гэв.

Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Дэлхий нийтээр..2025/11/07
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад ...
-
Үйл явдал2022/08/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Үйл явдал2023/06/28
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2025/03/07
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өр...
