Дэлхий нийтээр..
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна.

Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ийнхүү ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгааг тэрбээр онцоллоо.

Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.




Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2021/05/20
Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна
-
Хэн юу хэлэв...2021/12/17
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан ...
-
Дэлхий нийтээр..2023/05/01
ШӨХТГ: 17 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ
-
Дэлхий нийтээр..2026/03/11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
