Тод мэдээ
“Архигүй орчин” аяныг эхлүүллээ

"Covid 19" цар тахлын үед архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж “00:00” цаг болгосон. Мөн зарим хугацаанд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан энэ үед гудамж талбайд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч байгаа дүн мэдээ байна.
Гэтэл нөгөө талд ахуйн хүрээнд буюу гэртээ, эсхүл айлд архидан согтуурсны улмаас маргалдаж бусдыг зодож хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчил өсөх хандлагатай байна. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас “Хайр өвтгөдөггүй” болон “Архигүй орчин” аяныг эхлүүллээ.
Аяны гол зорилго бол ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд хүргэх зорилготой юм.
"Covid-19" цар тахлын үед архи уух нь дархлааг сулруулах, халдвар авах өндөр эрсдэлд хүргэх талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гаргасан тул архинаас татгалзаж бүх хайраа гэр бүлдээ зориулж амар тайван амьдралын төлөө хамтдаа тэмцэхийг уриалж байна.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.