Дэлхий нийтээр..
Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна
Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте нар үг хэллээ.
Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм.
Хурлын зорилго Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.
Учир нь, сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тарваган тахал “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.
Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/07/25
Усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт хүргэлээ
-
Дэлхий нийтээр..2021/02/01
"COVID-19" халдвараас сэргийлье
-
Дэлхий нийтээр..2024/12/04
Сайд С.Одонтуяа Төв Азийн орнуудын Байгаль орчны сайдтай уулзлаа
-
Дэлхий нийтээр..2025/01/27
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нэг сар үргэлжилнэ
