Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд холбогдох сайд нарт албан даалгавар өглөө. Албан даалгаварт баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах, олон нийтийн хяналттай ил тод байдлыг хангах бодлого баримтлахыг тухайлан тодотгожээ. Тодруулбал:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит хийлгэж, үр дүнг Засгийн газар, УИХ болон шаардлагатай тохиолдолд олон нийтэд танилцуулахыг үүрэг болгов.   Аудитын тайлангаар илэрсэн зөрчил, авлигын шинжтэй үйлдэл, хэлцлүүдийг баримтжуулж хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг шүүх, прокурорын байгууллагад шуурхай гарган өгөх мэргэжлийн баг томилон ажиллуулахыг даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг олон нийтэд ил болгохоор боллоо.

-Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11–11” төвд “Баялгийн шударга ёсны суваг” нээнэ. Нүүрсний хулгай, авлига, төрийн хүнд сурталтай холбоотой гомдол, мэдээллийг тусгайлан бүртгэж, шаардлагатай бол хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах, нууцлах, хамгаалах тогтолцоог сайжруулж, мэдээлэл өгөх нөхцөлийг бүх талаар хангахыг сануулав.

-“Баялгийн шударга ёсны медиа сан”-г Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран байгуулж, шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, бүх талаар дэмжиж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

-Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулж, ажиллуулах боломж нөхцөлийг судлах үүрэг өгөв. 

-Стратегийн ордуудын гэрээг ил тод болгохын зэрэгцээ хугацаа нь дууссан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг сөхөж харна. Алдагдсан боломжийн үнэлгээ хийж, төрийн эзэмшлийн хувь тогтоох эсэхийг хуульд нийцүүлэн тодорхойлж, дүгнэлт гаргах,

-Олон улсад өргөн ашиглагддаг индекс, үнэлгээнүүдийг сайжруулах чиглэлээр тусгайлсан Ажлын хэсэг томилон ажиллуулах, Авлигын индекс, Хүний хөгжлийн индекс, Дижитал индекс, Хэвлэлийн эрх чөлөөний индекс, Олборлох салбарын ил тод байдлын индексийг сайжруулахад тусгайлсан ажлын хэсэг ажиллуулж, төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгов. 

-Уул уурхайн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ, экспортын орлого, татварын гүйцэтгэлийг хамтран хянах гурван талт хяналтын механизм бий болгож энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Г.Занданшатар өглөө.