Дэлхий нийтээр..
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Е хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Андын зам констракшн” ХХК-ийн төслийг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор компанийн эзэмшилд байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 11-ний өдрийн 11:00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б байрны хоёр давхрын 205 тоотод зохион байгуулна.

Энэ үеэр нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү “Андын зам констракшн” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан орон сууцыг ашиглалтад оруулсан бол зургаан орон сууцны барилга удааширч, зогсонги байдалд байна. Бид иргэд болон компанитай тогтмол уулзаж, төслийн явцын талаар мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Тус компанийн худалдах үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааг зохион байгуулна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дуудлага худалдаанд оролцохыг урьж байна” гэв.

“Андын зам констракшн” ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн “Төсөлд нийт 320 айлын газар хамрагдсан. Үүнээс 139 өрх ашиглалтад орсон орон сууцанд орсон амьдарч байна. Төсөл өнөөдрийн байдлаар 25 хувийн гүйцэтгэлтэй, нийт 39.9 га талбайд хэрэгжиж байна. Төслийг 2027 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Шаардлагатай хөрөнгийг бүрдүүлж, төслийг хугацаанд нь дуусгахын тулд компанийн зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.
Дуудлага худалдаагаар борлуулах үл хөдлөх хөрөнгө:
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, 16 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй “Жамух” тауэр барилга
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1144.73 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчимд байрлах, 495 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1 га газар
- Дархан-Уул аймагт байрлах 330 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1863 м.кв газар
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатад байрлах, 70 хувийн гүйцэтгэлтэй, 5 давхар орон сууцны зориулалттай барилга
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 9992 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэр
- Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хэрэгжихээр төлөвлөсөн, 360 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний талбай бүхий “Шинэ цогцолбор” зэрэг төслийг дуудлага худалдаагаар борлуулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2022/06/24
Чингис Хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйл...
-
Дэлхий нийтээр..2020/10/14
“Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” б...
-
Дэлхий нийтээр..2025/04/02
ЗГ: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Дэлхий нийтээр..2022/09/05
БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд!
