Дэлхий нийтээр..
Морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
