Дэлхий нийтээр..
Монгол, АНУ-ын Улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улс, АНУ-ын Төрийн департамент хоорондын XVII удаагийн Улс төрийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Марк Десомбрэ нар тус тус тэргүүлэв. Уулзалтад мөн ЭЗХЯ, БХЯ, АҮЭБЯ, ЦХИХХЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, АНУ-ын “стратегийн гуравдагч хөрш”-ийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн явц, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэв. Түүнчлэн шууд нислэг нээх бэлтгэлийг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун ухаан, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Мөн Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон АНУ-ын Мянганы сорилтын корпорац-ын Усны компакт гэрээ товлосон хугацаандаа, батлагдсан төсөвтөө багтан амжилттай хэрэгжиж дуусаж буйг талууд онцлон тэмдэглэж, цаашид ийм төрлийн хамтын ажиллагааг бусад салбарт үргэлжлүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2021/07/22
Элчин сайд Д.Билэгдорж Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-тай уулза...
-
Дэлхий нийтээр..2023/04/10
Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ
-
Дэлхий нийтээр..2021/07/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийнэ
-
Дэлхий нийтээр..2025/06/20
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төс...
