Дэлхий нийтээр..
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Завхан аймгийн Улиастай хотод үйл ажиллагаа явуулдаг “Завхан баялаг” хувьцаат компанид ажиллалаа.
“Завхан баялаг” хүнсний үйлдвэр 1925 онд анх Архины хороо нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 1960 оноос аймгийн хүнсний хангамжийг шийдэх зорилгоор Хүнсний иж бүрэн үйлдвэр болон өргөжиж, 1992 оноос “Завхан баялаг” ХК болжээ.


100 жилийн түүхтэй хүнсний үйлдвэр 58 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 200-250 сая төгрөгийн татвар төлдөг.
Өнгөрсөн онд 50 тн талх, нарийн боов, 50 тн чихэр, 100 тн жимсний шүүс, ундаа, чанамал, 5 тн цай, 1,000 тн иоджуулсан давс, 300 тн цэвэр ус, 200 тн архи, дарс, ликёр үйлдвэрлэсэн байна.
“Баялаг” брэндийн төрөл бүрийн шүүс, нэрс, чацарганы чанамал, хатуу болон самартай зөөлөн чихэр, тэр дундаа Завханы “Сармай дээлт” хэмээн алдаршсан чихрийг гар аргаар үйлдвэрлэдэг.



“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, тоног төхөрөөмжөө сайжруулах, энэ хэрээр ажлын байр бий болгох боломж олгож байгаад компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.
Тус компани өнгөрсөн онд 400 сая төгрөгийн зээл авч, савлагааны шугам болон бусад тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Ингэснээр гар ажиллагаа 40 хувиар багасаж, үйлдвэрийн бүтээмж 30 хувиар нэмэгдэх юм.
2021 онд Улаанбаатар хотод салбар үйлдвэрээ байгуулж, 2022 онд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж хүнсний бүтээгдэхүүний түгээлт, хадгалалтын агуулахаа барьжээ.


Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Хөдөлмөрийн баатар, зөвлөх Л.Юрагийн санаачилгаар 50 мянган мод бүхий мод үржүүлэг, жимс жимсгэний аж ахуй байгуулсан. Мөн Завхан аймагт тарьж ургуулах 25 сая модны нэг саяыг нь тарихаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”Хүнсний хувьсгал”-д нэгдэн, үйлдвэрлэл эрхэлж, орон нутагтаа олон ажлын байр бий болгон, татвараа төлөхийн зэрэгцээ “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байгаад нь талархал илэрхийллээ.
“Завхан баялаг” ХК ирэх хоёр жилд чацарганы үйлдвэрлэлээ өргөжүүлж, 100 га-д чацаргана тариалан, жимс, жимсгэний үйлдвэрлэлээ 50 хувь нэмэх юм.
Компанийн хүнсний үйлдвэр, худалдаа, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд давхардсан тоогоор 1,200 гаруй хүн ажиллаж байна.





Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
