Үйл явдал
Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог...
ОХУ бензиний экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ гэж ОХУ-ын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 31 хүртэл бензиний экспортыг түр хугацаанд хязгаарлахаар болсон. Энэхүү арга хэмжээ нь дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах, улирлын эрэлтийг хангах зорилготой гэж албаны эх сурвалжууд тайлбарласан байна.
Гэсэн хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтэд энэ шийдвэр нөлөөлөхгүй гэж ОХУ-ын тал мэдэгджээ. ТАСС агентлагийн мэдээлснээр Монгол Улс болон ОХУ хооронд байгуулсан Засгийн газар хоорондын шатахуун нийлүүлэх гэрээ хүчинтэй хэвээр бөгөөд нийлүүлэлт төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ.
Мөн Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг гэрээгээр баталгаажуулсан тул бензиний экспортын түр хязгаарлалт нь Монголын нийлүүлэлтэд шууд нөлөөлөхгүй гэж онцолсон байна. ОХУ-ын шатахуун нийлүүлэлт 2026 оныг дуустал тогтвортой үргэлжилнэ гэсэн мэдээлэл мөн дурдагджээ.
ОХУ бензиний экспортыг түр хязгаарлах шийдвэр гаргасан нь сүүлийн үед дотоодын шатахууны эрэлт нэмэгдэж, нефть боловсруулах зарим үйлдвэрүүдэд засвар үйлчилгээ хийгдэж байгаатай холбоотой гэж албаныхан тайлбарласан байна.
Үүнээс гадна Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцдаж, дэлхийн шатахууны зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдсэн нь ОХУ-ын дотоодын шатахууны үнийг тогтворжуулах шаардлага үүсгэсэн гэж шинжээчид үзэж байна.
Олон улсын Reuters агентлаг мөн ОХУ бензиний экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасныг баталж, дотоодын шатахууны үнийг тогтвортой байлгах зорилготой гэж мэдээлсэн байна.
Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд иймд шатахууны нийлүүлэлттэй холбоотой мэдээлэл дотоодын зах зээлд онцгой анхаарал татаж байна. Гэвч энэ удаагийн шийдвэр нь Монгол Улсад нийлүүлэх шатахуунд шууд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын тал мэдэгдсэнээр нийлүүлэлт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.
Үйл явдал
Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж байна
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын 110 дугаар километрт байрлах Туул голын 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалтын төслийн газарт Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Төслийн хамгийн томоохон инженерийн байгууламжийн нэг болох уг гүүрийн бүтээн байгуулалтыг “Очирням” ХХК тэргүүтэй үндэсний таван компани гүйцэтгэж байгаа бөгөөд гүүрийн хойд хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 8 дам нурууг угсраад байна.

Туул голын орчим нь нам дор, хотгор байршилтай бөгөөд хур тунадас ихтэй үед ус хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй учир гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажилд инженерийн нарийн шийдэл шаардагдаж байна.
Төмөр замын нийт трассын дагуу есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, ус, мал амьтны гарц болон 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөгджээ.
Үйл явдал
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Улаанбаатар хотын хүн ам, суурьшлын бүс, үйлдвэрлэл болон дагуул хотуудын хөгжил нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн ундны болон үйлдвэрлэлийн усан хангамж газрын доорх усны нөөцөд түшиглэж байгаа бөгөөд 2040 он гэхэд усны хэрэглээ эрс нэмэгдэх тооцоо гарсан нь усны шинэ, найдвартай эх үүсвэр бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг баталгаажуулах, газрын доорх усны нөөцөд ирэх ачааллыг бууруулах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025–2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд Туул голын урсацыг тохируулан гадаргын усыг хуримтлуулах, ус цэвэршүүлэх байгууламж болон ус дамжуулах дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулсанаар жилд 50–100 сая м.куб-аар усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Kalpataru Projects International Limited (KPIL) компани боловсруулж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийн ажлын явц 90 орчим хувьтай байна. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын усны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн усан хангамжийг дэмжих, Туул голын экологийн урсацыг зохицуулах, үерийн эрсдэлийг бууруулах, усны нөөцийг хуримтлуулж, шаардлагатай үед зохицуулан ашиглах боломж бүрдэх юм.
Дэлхийн улс орнууд хотын усан хангамжийг зөвхөн нэг эх үүсвэрт түшиглүүлэхгүйгээр усан сан, гадаргын ус, газрын доорх ус, дахин боловсруулсан ус зэрэг олон эх үүсвэрийг хослуулан шийддэг. Тухайлбал, Япон, БНСУ зэрэг улс усан сан, олон зориулалттай далангаар дамжуулан ус хангамжийг хангахын зэрэгцээ үерийн эрсдэлийг бууруулж, усны нөөцийг улирлын байдлаар зохицуулдаг.
Үйл явдал
АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно
Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өчигдөр хийсэн мэдээллээр ОХУ-аас Улаанбаатар хотод 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ-92 автобензин орж иржээ.
Үүнээс эхний 23 вагоны шатахууныг буулгаж, нийслэлийн 75 шатахуун түгээх станцад 756 тонн, орон нутгийн 49 станцад 441 тонн АИ-92 автобензин хүргүүлсэн байна.
Мөн ОХУ-аас Монгол Улсын чиглэлд 152 вагон буюу 9120 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлжээ.
Сүүлийн хоёр хоногт шатахууны түгээлт харьцангуй бага байсан ч нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул ирэх даваа гарагаас улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдэгдсэн байна.
Орон нутгийн шатахууны түгээлтийг амралтын өдрүүдэд нэмэгдүүлэх бөгөөд ням гарагт нийслэлийн хэрэгцээг хангах хэмжээнд түгээлт хийхээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.
Шуурхай штабын хүрээнд шатахууны тээвэрлэлтийг хурдасгах арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН ОХУ-аас орж ирж буй түлш, шатахууны вагоныг богино хугацаанд татан авч, буулгалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Үүнээс гадна БНХАУ-аас ачигдсан 2000 тонн онгоцны түлш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлтэд шилжихээр байгааг мэдээлжээ.
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор Татварын ерөнхий газар татварын өртэй байсан ч дансыг нь хаахгүй байх зохицуулалт хийж байгаа аж. Мөн шатахуун түгээх станцуудын дараалал авто замын хөдөлгөөнд саад учруулахаас сэргийлж Тээврийн цагдаагийн алба зохицуулалт хийж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб шатахууны татан авалт, тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа бөгөөд улсын хэмжээнд шатахууны түгээлтийг ирэх долоо хоногоос хэвийн болгохоор төлөвлөжээ.
-
Дэлхий нийтээр..2022/11/28
ТЦА: Халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох вэ
-
Дэлхий нийтээр..2025/04/23
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
-
Үйл явдал2024/08/05
Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална
-
Дэлхий нийтээр..2025/05/14
УИХ: Академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээж...
