Үйл явдал
“Байгалийн ухааны жишиг лаборатори” нээлтээ хийлээ
Боловсролын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Багшийн хөгжлийн ордны 1 давхарт “Байгалийн ухааны жишиг лаборатори”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус лаборатори нь математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээллийн технологийн 6 чиглэлээр нийт 296 нэр төрлийн, 1881 ширхэг багаж, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд багш, сурагчдын туршилт, судалгаа, инноваци, бүтээлч үйл ажиллагааг дэмжих орчин болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын яам, Азийн хөгжлийн банк, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, судлаачид болон боловсролын салбарын төлөөллүүд оролцлоо.
Энэхүү лаборатори нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” МОН-3594 төслийн хүрээнд 2021-2026 онд хэрэгжсэн ажлын үр дүн бөгөөд байгалийн ухааны хичээлийг орчин үеийн технологи, туршилт, судалгаанд суурилан заах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өөрсдийн боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн, туршилтын арга зүй, судалгаанд суурилсан хичээлийн туршлагаа танилцуулж, шинжлэх ухааныг сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр суралцагчдад хүргэх боломжийн талаар арга туршлагаа хуваалцлаа.
УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Энэхүү лаборатори нь зөвхөн тоног төхөөрөмж бүхий танхим биш, харин хүүхэд бүрийн шинжлэн судлах хүсэл тэмүүллийг асааж, багшийн арга зүйг шинэ шатанд гаргах, шинжлэх ухаан, технологи, инновацид суурилсан боловсролын шинэ орчин юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Цаашид тус лаборатори нь:
-Сургалтын хэрэглэгдэхүүний туршилт, танилцуулга
-Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
-Хичээлээс гадуурх STEAM дугуйлан
-Олимпиад, эрдэм шинжилгээний ажил
-Судалгаанд суурилсан сургалт
-Дижитал болон бодит туршилтын интеграцчиллыг дэмжсэн нээлттэй төв болон хөгжинө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.


Үйл явдал
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 30-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 12 дугаар сарын 01-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 02-нд Дарьгангын тал нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Арваннэгдүгээр сарын 29-нөөс нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө цас орж, явган шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Арваннэгдүгээр сарын 28, 29-нд хүйтний эрч сулавтар, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-22 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, 30-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Үйл явдал
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Олон улсын түвшинд өргөн мэдлэг, манлайлах ур чадвар, соёл хоорондын орчинд ажиллах чадамжтай, дэлхийн засаглалын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас “Хятад улсад суралцах шилдэг манлайлагч оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарлажээ.
Тэтгэлгийн мэдээлэл:
1. Элсүүлэх оюутны тоо: 200 хүн.
2. Суралцуулах зэрэг: Магистр
3. Суралцах хэл: Англи хэл.
Сургалтын хэлбэр, үргэлжлэх хугацаа:
Хөтөлбөр нь “1+1” загвараар хэрэгжинэ. Тодруулбал, суралцагч эхний хичээлийн жилд БНХАУ-ын их сургуульд танхимын сургалт болон судалгааны ажлаа гүйцэтгэж, магистрын дипломын ажлаа бичих бэлтгэл хангана.
Хоёр дахь хичээлийн жилд эх орондоо буцаж, өөрийн ажил мэргэжлийн бодит туршлагад тулгуурлан судалгааны ажлаа үргэлжлүүлж, дипломын ажлаа дуусгана. Их сургуулийн шаардлагын дагуу Хятад улсад очиж дипломын ажлаа хамгаална. Хамгаалалтад тэнцсэн суралцагчид магистрын зэрэг олгоно.
Тэтгэлгийн хэмжээ: Бүрэн тэтгэлэг.
Хүсэлт гаргагчид тавигдах шаардлага
1. Монгол Улсын иргэншилтэй, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хэвийн, 45-аас доош настай байх.
2. Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай байх. Хүсэлт гаргаж буй хөтөлбөртэй холбоотой мэргэжлээр суралцсан эсвэл ажилласан туршлагатай иргэнд давуу эрх олгоно.
3. Хүсэлт гаргагч нь дараах дөрвөн ангиллын аль нэгэнд хамаарах шаардлагатай. Үүнд:
1. Төрийн байгууллагын хэлтсийн дарга болон түүнээс дээш түвшний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч;
2. Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах түвшний албан тушаалтан;
3. Их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын захиргааны удирдах ажилтан;
4. Олон улсын байгууллагад ажиллаж байсан эсвэл дадлага хийсэн туршлагатай иргэн.
4. Суралцахаар зорьж буй их сургуулийн Урьдчилсан элсэлтийн батламж буюу (Pre-admission Letter)-тэй байх шаардлагатай.
Уг батламжид их сургуульд бүртгүүлэхэд шаардлагатай хувийн мэдээлэл, элсэх хугацаа, суралцах мэргэжлийн мэдээлэл зэрэг багтсан байна.Мөн хүсэлт гаргагч нь өмнө нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой.
Хүсэлт гаргах журам:
Хүсэлт гаргагч нь 2027 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23:59 цагаас өмнө Хятадын Засгийн газрын тэтгэлгийн цахим бүртгэлийн системд нэвтэрч хүсэлтээ гаргана. Мөн суралцах боломжтой их сургуулийн жагсаалт, хөтөлбөрийн мэдээллийг холбоосоор дамжин авах боломжтой. Цахим бүртгэлийн холбоос: Хятадын Засгийн газрын тэтгэлгийн цахим бүртгэлийн системhttps://studyinchina.csc.edu.cn/?utm_source=chatgpt.com...
Бүртгэлийн үед:
· Тэтгэлгийн төрөл: Type A
· Хүлээн авах байгууллагын код: 1563
· Хөтөлбөрийн нэр: Youth of Excellence Scheme of China гэж сонгоно.
Үйл явдал
АТГ 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны арваннэгдүгээр сарын 16–22-нд эрүүгийн 1032 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Үүнээс 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөн гурван хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор 1006 хэрэг мөрдөн шалгах шатанд байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүдийн дунд дараах хэргүүд багтжээ.
- Нэр бүхий иргэд үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээ авахын тулд нийтийн албан тушаалтанд бусдаар дамжуулан удаа дараа хахууль өгсөн гэх хэрэг.
- Нийтийн албан тушаалтан гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээр бусдын банкны дансыг ашиглан хэрэглээний зээл, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлж, гэрээний мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх хэрэг.
- Нийтийн албан тушаалтан барилга угсралтын ажилд мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаар магадлал, дүгнэлт гаргуулалгүйгээр гүйцэтгэгчид орон нутгийн төсвөөс 328.4 сая төгрөг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэг.
АТГ мөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 29-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, тавд хэрэг нээхээс татгалзах, нэгийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Үлдсэн 73 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар гурван мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
-
Дэлхий нийтээр..2024/09/09
Монгол Улсын Тэргүүн Шадар cайд Л.Гантөмөр БНХАУ-ын Дэд дарга Хань Жөнтэй уулзан...
-
Үйл явдал2024/02/13
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
-
Дэлхий нийтээр..2024/07/23
Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно
-
Үйл явдал2021/06/03
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
