Дэлхий нийтээр..
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын уулзалт болж байна
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн холбогч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25-27 -ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын их хурал Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр соёрхон баталж, 2018 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Мал эмнэлгийн салбарт хууль эрхзүй, бүтэц тогтолцооны томоохон өөрчлөлт хийгдэж, энэ чухал салбарт нийгэм, улс төр, удирдлага зохион байгуулалт, санхүү үйл ажиллагааны хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл мал эмнэлгийн салбар олон улсын жишигт нийцэж ажиллах боломж бүрдсэн гэж ойлгож болно.
Шинэ хуулийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж аймаг, нийслэл, сум дүүрэгт мал эмнэлгийн алба босоо тогтолцоонд орж ажиллаж байна. Энэ хуулийн дагуу мал эмнэлгийн салбар мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих гэх мэт олон чухал үүргийг хүлээн ажиллаж байна” гэдгийг онцлов.
Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулж буй уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийн төвшний нөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцоно. Мөн уулзалтаар Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөрийн 2021-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний гол арга хэмжээнүүдийг хэлэлцэх юм. Энэ бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргана.
Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй хамтарч ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжин ДМАЭМБ-ын томоохон арга хэмжээнүүдийг Монгол улсад зохион байгуулж байна. Мөн бусад ДМАЭМБ-ын гишүүн орнуудад зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал 2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29 дугаар бүсийн чуулган, Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд 2013 онд, Ази тив дэх хил дамжин халдварлах гоц халдварт өвчинтэй тэмцэх семинарыг 2018 онд манай улсад зохион байгуулсан байна.
Эх сурвалж: ХХАХҮЯ
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
