Хэн юу хэлэв...
Онлайн тоглоом хаагдвал хэрэглэгчийн эрх яах вэ
Онлайн видео тоглоомын ертөнцөд хэрэглэгчийн эрхтэй холбоотой маргаан улам хурцдаж байна. Учир нь зарим тоглоомын компани серверээ хааснаар хэрэглэгчдийн худалдаж авсан тоглоом цаашид тоглох боломжгүй болдог аж.
Америкийн ютүбер Росс Скоттын 2024 онд эхлүүлсэн “Stop Killing Games” буюу “Тоглоомуудыг устгахаа зогсооё” нэртэй хэрэглэгчийн эрхийн хөдөлгөөн энэ асуудлыг олон улсын түвшинд гаргаж иржээ.
Тус хөдөлгөөн нэгдүгээр сард Европын Комисст 1.3 сая орчим гарын үсэг бүхий өргөдөл хүргүүлсэн бөгөөд үүний дагуу дөрөвдүгээр сард Европын Парламентын нээлттэй сонсгол болсон байна. Одоо уг асуудал Европын холбооны шийдвэрийг хүлээж байна.
Энэ хөдөлгөөн Францын Ubisoft компани онлайн горимд суурилсан “The Crew” уралдааны тоглоомын серверийг 2024 онд хаахаа зарласны дараа эрчимжжээ. Тус тоглоом нийт 12 сая гаруй тоглогч татсан ч сервер хаагдсанаар тоглоом үндсэндээ ашиглах боломжгүй болсон байна.
Ubisoft компани серверийн дэд бүтэц болон лицензийн хязгаарлалттай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан. Харин тоглогчдын зүгээс асуудал нь дэмжлэг зогссонд бус, худалдаж авсан тоглоомдоо бүрэн нэвтрэх боломжоо алдсанд байна гэж үзэж байгаа юм.
Росс Скотт “бүх хувилбар нь идэвхгүй болж, дэлхий дээр хэн ч тухайн тоглоомыг ажиллуулах боломжгүй болох”-ыг тоглоомыг “устгаж” байгаатай зүйрлэжээ. Түүний хэлснээр, компаниуд заавал серверээ үүрд ажиллуулах албагүй ч тоглоомоо хаахдаа хэрэглэгчид цаашид ашиглах боломж үлдээх ёстой.
Тоглоомын салбарын компаниуд энэ байр суурийг эсэргүүцэж байна. Европын томоохон тоглоом хэвлэгчдийг төлөөлдөг Video Games Europe байгууллага онлайн үйлчилгээ эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон тохиолдолд сервер хаах боломж компаниудад байх ёстой гэж мэдэгджээ. Мөн ийм шаардлага нь онлайн тоглоом хөгжүүлэх өртгийг нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулсан байна.
Харин “Stop Killing Games” хөдөлгөөнийхөн компаниудыг серверээ үргэлжлүүлэн ажиллуулахыг шаардаагүй гэдгээ онцолж байна. Тэдний хувьд тоглоомын “ашиглалтын төгсгөлийн төлөвлөгөө” буюу сервер хаагдсаны дараа офлайн горимоор тоглох боломжтой болгох, эсвэл хэрэглэгчид өөрсдөө ажиллуулах программ хангамж гаргаж өгөх зэрэг шийдэл хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд онлайн хамааралтай “live-service” төрлийн тоглоомууд нэмэгдсэнээр энэ асуудал улам анхаарал татах болжээ. Зарим тоглоом хэдхэн долоо хоногийн дараа хаагдах тохиолдол ч гарсан байна. Жишээлбэл, Sony компанийн “Concord” тоглоом 2024 онд гарснаасаа хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд хаагдсан ч хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгожээ.
Одоогоор Европын Комисс “Stop Killing Games” хөдөлгөөний ирүүлсэн өргөдөлд долоодугаар сарын 27-ны дотор хариу өгөх ёстой. Мөн Францын хэрэглэгчийн эрхийн байгууллага Ubisoft компанийн эсрэг шүүхэд хандсан бол Их Британид энэ асуудлаар парламентын хэлэлцүүлэг болсон ч Засгийн газар одоогоор хэрэглэгчийн эрхийн хуульд өөрчлөлт оруулах төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн байна.
АНУ-д ч мөн энэ асуудал анхаарал татаж эхэлжээ. Калифорни мужид хэлэлцэгдэж буй “Protect Our Games Act” хуулийн төсөл батлагдвал компаниуд онлайн дэмжлэг зогссоны дараа тоглоомыг цаашид ашиглах боломжтой болгох, эсвэл хэрэглэгчдэд төлбөрийг буцаан олгох шаардлагатай болох юм.
Ийнхүү цахим бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч үнэхээр эзэмшигч мөн үү, эсвэл зөвхөн түр ашиглах эрх авдаг уу гэсэн маргаан тоглоомын салбараас хальж, дижитал өмчлөлийн өргөн хүрээний асуудал болон хувирч байна.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
-
Дэлхий нийтээр..2026/03/19
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерө...
-
Үйл явдал2022/03/28
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Хэн юу хэлэв...2022/05/05
ЗГ: Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ
-
Үйл явдал2024/12/31
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
