Үйл явдал
Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ E-Mongolia-аар гаргана
Нийслэлийн алслагдсан бүсэд оршин суудаг иргэд E-Mongolia системээр дамжуулан "Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт" гаргаж, "Цагаан жагсаалт"-д бүртгүүлснээр авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой.
Энэ зохицуулалт нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдэд хамаарна.
Цагаан жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэх үед систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэх юм.
Харин орон нутгийн авто зам ашигласан тээврийн хэрэгслийн эзэмшигчид төлбөрийг цахимаар илгээх бөгөөд тухайн жилийн хугацаанд өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн төлөх боломжтой байна.
Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, авто зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд төлбөр авах цэгийн автомат хаалт нээгдэхгүй бөгөөд төлбөрөө бүрэн барагдуулсны дараа зорчих боломжтой аж.
Үйл явдал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй албан айлчлал эхэллээ. Энэхүү айлчлал нь Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын шинэ боломжуудыг тодорхойлох зорилготой.

Айлчлалын хүрээнд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Энэ үеэр талууд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурна
-Хоёр хотын Засаг дарга нар “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанбаатар хот хоорондын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг;
-Хөх хотын Бүсийн эдийн засаг, худалдааны туршилтын чөлөөт бүс болон Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
-Хоёр хотын дүүргүүд болон Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурна.
Түүнчлэн хавдрын эмчилгээний иж бүрэн төхөөрөмжийг нийслэл Улаанбаатар хотод бэлэглэлээ. Ховор төрлийн хорт хавдартай хоёр хүүхдийг Хөх хотод нарийн шинжилгээнд хамруулж, өвчний онош болон цаашдын эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн багтай хамтран тодорхойлох чиглэлээр хамтран ажиллана.

Анх 1991 онд ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш хоёр хот эдийн засаг, худалдаа, хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэхүү айлчлал нь 35 жилийн түүхтэй найрсаг харилцааг шинэ шатанд ахиулж, олон салбарт хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог юм.


Үйл явдал
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
“Монгол төрийн тамганы хөшөө” нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.
Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үеийн болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг.
Уг хөшөө нь Монголын төрт ёсны түүхэн хөгжил, төрийн бэлгэдлийн өөрчлөлт, төрийн залгамж чанарыг нэг дороос харах боломж олгодог онцгой ач холбогдолтой дурсгал юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулах ажлыг гүйцэтгэж эхэллээ. Уг ажлыг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Үйл явдал
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Минск хотноо “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж, Беларусь Улсын Дуурь, балетын их театрт Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа.
Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, олон нийт үзэж сонирхлоо.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.
Беларусийн сонгодог урлагийн төв болон хөгжиж буй Дуурь, балетын их театр нь 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд театрын тайзнаа Беларусийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна “Хунт нуур”, “Щелкунчик” зэрэг дэлхийн сонгодог дуурь, балетын бүтээлүүдийг тогтмол толилуулдаг байна.
Мөн “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнг Минск хотноо эдгээр өдрүүдэд гаргаж, монголын өв соёл, зан заншлын талаар Беларусийн олон нийтэд мэдээлэл өгч, сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгууллаа.
-
Дэлхий нийтээр..2020/11/26
Эрдэнэт үйлдвэрийнхэн халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн бүсэд хуваагдан ажиллаж бай...
-
Дэлхий нийтээр..2022/02/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд ажиллав
-
Чөлөөт бүс2022/01/28
Бээжингийн Өвлийн олимпын наадмын аялал №1
-
Дэлхий нийтээр..2021/03/03
Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийг арилжааны банкаар олгоно
