Үйл явдал
“Зөв дадал-Ногоон ирээдүй” аяны хүрээнд 567.5 га талбайн хогийг цэвэрлүүлжээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас байгаль орчин, газар, геодези, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр “Зөв дадал-Ногоон ирээдүй” цахим аяныг энэ оны тавдугаар сарын 01-нээс 31-ний хооронд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү аян нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим орчинд зохиогдсоноороо онцлог юм. Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрууд аяны хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, улсын хэмжээнд 16 чиглэлийн 268 ажлыг төлөвлөж 100 хувь хийж хэрэгжүүллээ.
Тухайлбал, орон нутагт “Цэвэр хот-цэвэр сум”, “Хоггүй цэвэр хот”, “Хогоо цэвэрлэе” зэрэг аяныг зохион байгуулж гудамж талбай, албан газар, айл өрхийн хэмжээнд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, дөрвөн аймгийн 42 суманд хог хаягдлыг ангилан ялгах хогийн савнуудыг байршуулжээ. Мөн 680 аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагч, ажилчдыг уриалан нийтийн эзэмшлийн 567.5 га газар, зам, талбайд хаягдсан 6850 тн ил задгай хог хаягдлыг хамтран цэвэрлэсэн байна.
Түүнчлэн бүх нийтээр мод тарих аяныг өрнүүлж улсын хэмжээнд 410 аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, 7965 иргэнийг хамруулан 137476 ширхэг модыг нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд тарилаа.
Уул уурхайн олборлолтоос эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх талбайн хэмжээг нэмэгдүүлэх уриалгыг гаргаж, уул уурхай бүхий аймгуудийг уриалгад нэгтгэн нийт 187.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112.1 га биологийн нөхөн сэргээлтийг хийлгээд байна.
“Зөв дадал-Ногоон ирээдүй” цахим сарын аянаар улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчид, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, хуулиар тусгайлан эрх олгогдсон байгаль хамгаалагч зэрэг нийт 741 албан хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, Байгаль орчныг хамгаалах багц хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, уул уурхайн нөхөн сэргээлт, газар ашиглалт, агаарын бохирдол, хог хаягдал, ус, хөрс, химийн бодисын ашиглалт, хамгаалалтын чиглэлээр видео хичээл, зөвлөмж, зурагт хуудас бэлтгэн байршууллаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Үйл явдал
Ойрхи Дорнодын нөхцөл байдал тогтворжихгүй хэвээр
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжихгүй, зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байна.
Израиль–Ливаны хил орчимд зөрчил намжаагүй бөгөөд харилцан довтолгоо, цэргийн шинжтэй үйл явдлууд тасралтгүй бүртгэгдэж буйг олон улсын байгууллагууд мэдээллээ. Үүний улмаас энгийн иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг онцоллоо.
Үүний зэрэгцээ АНУ болон Ираны хоорондын харилцаа хурц хэвээр байгаа бөгөөд бүс нутагт цэргийн бэлэн байдал нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд, ялангуяа далайн тээврийн урсгалд тодорхой бус байдал үүссэнийг шинжээчид анхааруулав. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх эрсдэл дагуулж буйг мөн дурдлаа.
Сирид АНУ цэргийн оролцоогоо дуусгасны дараа тус улсын эрх баригчид өмнө нь ашиглагдаж байсан цэргийн баазуудыг бүрэн хяналтдаа авснаа мэдэгдэв. Үүнийг бүс нутгийн хүчний харьцаанд тодорхой өөрчлөлт авчрах магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Нөгөөтэйгүүр, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг зөрчлийг намжаах, гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалж, дипломат шугамаар яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Гэвч бодит ахиц хараахан гараагүй хэвээр байна.
Эдгээр үйл явдлын нөлөөгөөр дэлхийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэж, газрын тосны үнэ хэлбэлзэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үргэлжилсээр байна.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
-
Дэлхий нийтээр..2024/11/28
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлаг...
-
Дэлхий нийтээр..2021/12/22
Ирэх оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 3-р тойрог /Баянхонгор аймаг/
-
Дэлхий нийтээр..2021/02/03
"COVID-19" халдварт цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг ху...
