Үйл явдал
Сингапурын бизнес эрхлэгчид оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалтыг хандивлав
Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм. Иймд тус Элчин сайдын яамнаас Монгол Улсад урт хугацаанд бизнес эрхэлж буй Сингапурын бизнес эрхлэгч нарт хандаж, цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Монгол Улсад дутмаг буй оношилгооны төхөөрөмж худалдаж авахад зориулж хандив өгөхийг санал болгосон билээ. Сингапурын бизнес эрхлэгч нар бидний саналыг найрсгаар дэмжиж 30 000 син.долларын хэмжээтэй хандив, 5000 ширхэг амны хаалтыг тус тус өгсөн юм.
Ийнхүү тус Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, Сингапур Улсын “Biolidics” лабораториoс “2019-nCoV IgG/IgM Antibody Detection kit” нэр бүхий 1800 ширхэг COVID-19 оношилгооны түргэвчилсэн тестийг захиалж, бэлэн болсныг өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид ийнхүү хүлээн авчээ. Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн уг оношилгооны түргэвчилсэн тестийн давуу тал нь хугацаа хэмнэхийн сацуу хүний цусан дахь эсрэг биетийг 10 минутын дотор илрүүлэх боломжтой.
Бүгд Найрамдах Сингапур Улсын бизнес эрхлэгч нарын уг хандив нь Монгол Улсын COVID-19 халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт ач холбогдолтой хэмээн Эрүүл мэндийн яамнаас сайшаан тэмдэглэв. Өдгөө 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед Сингапурын иргэдийн зүгээс үзүүлж буй уг тусламж нь хоёр улсын харилцааны найрсаг, дотно төвшний илрэл юм.
Үйл явдал
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын явц 38.6 хувьтай хэрэгжиж байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт юм.

Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглаж байна. Энэ нь оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул ус дамжуулах шугамд эрүүл ахуйн давуу талтай. Мөн механик бат бөх, ашиглалтын хугацаа урт байхаас гадна хуванцар хоолойтой харьцуулахад зэс нь шатдаггүй, өндөр температурт илүү тэсвэртэй. Төсөлд ашиглаж буй зэс хоолой нь MNS EN 1057 стандартыг хангасан бөгөөд энэ нь Европын EN 1057 стандарттай уялдсан байна. Өөрөөр хэлбэл, EN 1057 стандарт нь халуун болон хүйтэн усны түгээх сүлжээнд ашиглах оёдолгүй зэс хоолойд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлдог. Оёдолгүй зэс хоолой нь гагнаж нийлүүлсэн уртын оёдолгүй тул хоолойн бүтцийн жигд байдал сайн, даралт болон механик ачааллыг найдвартай даадаг. Мөн хоолойн уртын дагуу гагнаасгүй учир гагнаасны гэмтэл, салалттай холбоотой эрсдэл байхгүйгээс гадна зэврэлт, өндөр температурт тэсвэртэй, галд шатдаггүй зэрэг давуу талтайг “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл онцоллоо.



ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ
Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах 63 МВт Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Станцын эхний туршилт тохируулгыг энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төв орчмын 5000 өрхийг дулаанаар хангах юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна гэдгийг Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд онцоллоо.


СЭЛБЭ ХОТОД 3 СУРГУУЛЬ, 5 ЦЭЦЭРЛЭГ БАРИНА
Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж баригдана. Мөн 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барихаар төлөвлөжээ. Төслийн нийт талбайн 37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж барих бөгөөд энэ нь нэг айл өрхөд ногдох ногоон байгууламжийн хүртээмж ихтэй төсөл болж байна. Үүний үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол эхний ээлжид 1.4, хэтдээ 7.7 хувиар буурах судалгаа гарсан.



“СЭЛБЭ УХААЛАГ ХОТ” ТӨСЛИЙН ТАЛААР ИРГЭДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТАД ӨГӨХ ХАРИУЛТ
Сэлбэ хот төслийг “Хорин минутын хот” гэж тодотгох ач холбогдол нь юу вэ?
- Төсөл нь 158 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд оршин суугч иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт, соёл, нийгмийн үйлчилгээг 20 минутын хугацаанд Сэлбэ хотоосоо авах инженерийн төлөвлөлтийг бүрдүүлж байна.
Хэдэн га газар чөлөөлсөн бэ?
- Төслийн нийт 2206 нэгж талбарыг чөлөөлж, 158 га талбайн 88 га талбайд хөрсний энгийн бохирдлыг ариутгасан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар тухайн орчны 15,600 яндан устаж, 12,000 нүхэн жорлонг буулган ариутгал хийсэн байна.
Иргэд хэзээнээс байрандаа орох вэ?
- Төслийн хүрээнд 45,000 гаруй иргэнийг орон сууцжуулна. Оршин суугчдыг 2027 оны 2 дугаар улирлаас эхлэн хүлээн авна. Харин худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг нь 2028 оны 4 дүгээр улирлаас эхлэн үе шаттайгаар ашиглалтад орно.
Төслийн эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ?
- Орон сууцны дээвэр дээр нарны панел суурилуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн зориулалттай цахилгаан хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэйгээр шийдвэрлэнэ.



Үйл явдал
Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 9, 11-нд,
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 10, 12-нд замын хөдөлгөөнд тус тус оролцоно.
Өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцох ёстой.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Үйл явдал
Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ
Монгол Улс 2026 оны эхний найман сарын байдлаар нийт 8 тэрбум 373.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Импортын бүтцэд нефтийн бүтээгдэхүүн хамгийн өндөр буюу 22.1 хувийг эзэлж, нийт 1 тэрбум 846.8 сая ам.долларт хүрсэн байна. Мөн суудлын автомашины импорт 711.9 сая, ачааны автомашиных 309.1 сая ам.доллар байжээ.
Тайлант хугацаанд автобензин болон дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурсан үзүүлэлттэй байна.
Импортын гол нэрийн бараанаас булдозер, авто хусуур, тэгшлэгч болон бусад механик тоног төхөөрөмж 239 сая ам.доллар буюу нийт импортын 2.9 хувийг эзэлжээ. Харин телефон, цахилгаан шуудан, холбооны бусад тоног төхөөрөмжийн импорт 174.2 сая, цахилгаан эрчим хүчний импорт 162.6 сая ам.долларт хүрсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд хэд хэдэн нэр төрлийн барааны хэмжээ өмнөх оны мөн үеэс өсжээ. Тухайлбал, улаанбуудайн импорт 133 мянган тонн болж 13.8 дахин, хүнсний ногоо 104.6 мянган тонн болж 10.1 хувиар, элсэн чихэр 46.9 мянган тонн болж 17.8 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн жимс, самрын импорт 57.4 мянган тонн болж 38.2 хувиар, тахиа, гахайн мах болон өөхний импорт 35.9 мянган тонн болж 29.4 хувиар тус тус нэмэгджээ.
