Хэн юу хэлэв...
Зээлийн хүү бууруулах асуудлаар банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна.
Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна.
Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо.
Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө би өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ядаж 4 жилийн өмнө ашиглалтад оруулчихгүй яав даа гэж харамссан. Зөвхөн өнгөрсөн 4 жилд л гэхэд бид эндээс олж болох 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Одоо ингэж боломжоо үгүй хийж суумгүй байна.
Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яахав. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ.
Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар та бүхний бодол, саналыг сонсож, ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.
Эдгээр асуудлуудтай холбогдуулан банкны удирдлагууд саналаа илэрхийлэв. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. 8 хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байхад 16 хувийн хүүтэй арилжааны зээлд л асуудал үүсдэг. Харамсалтай нь олон хүчин зүйлээс болоод хүү олигтой буурахгүй байна. Тиймээс юуны өмнө асуудал юундаа байгааг, алийг нь яаж, хэрхэн шийдвэрлэх нь зохистой болох талаар маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстой. Үүндээ үндэслэж, зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал боллоо. Тухайлбал, УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч актив удирдлагын компани байгуулах, төрөөс банкуудаа бодлогоор дэмжих, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, Хөгжлийн банктай арилжааны банкуудыг хамтарч ажиллуулах, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа томоохон төсөл, үйлдвэрлэлийг дэмжих хамтын зээлийн хэлбэрийг ашиглах, тухайн төслийг барьцаалж зээл олгох, Монголбанкнаас зээлийн хүүг тогтворжуулах бодлого гаргаж хэрэгжүүлэх, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр чанаргүй активыг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслүүдийг ойрын үед батлан гаргах, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд олон төрлийн АТМ, POS төхөөрөмжүүдээс татгалзаж, нэгдсэн нэг төхөөрөмжтэй болох, Монголбанкны заавал байлгах нөөцийн хэмжээг буулгах зэрэг саналуудыг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн 8-р сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэв. УИХ-ын даргын энэхүү саналыг банкуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.Хэн юу хэлэв...
УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүдийн хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломжийг судалж, богино хугацаанд шийдэл танилцуулахыг Монголбанкны удирдлагуудад чиглэл болгосон байна.
Монголбанкны зүгээс банкны системийн нөхцөл байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг танилцуулжээ. Харин арилжааны банкуудад зээл олгох боломж байгаа ч ипотекийн зээлийн хүсэлт гаргасан 45 мянган иргэн хүлээлттэй байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь өрхийн орлого зарлагаа нөхөж чадахгүй байгаа явдал гэдгийг тэмдэглэв. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутаж байгаа бөгөөд иргэд энэ зөрүүг нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч буйг дурдсан байна.
Тэрбээр “Жилийн 50 хувиас давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” гэжээ.
Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулах замаар богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулсан байна.
Уулзалтын үеэр Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх асуудлыг мөн хөнджээ. УИХ-ын дарга эдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлэх, үр ашиггүй шилжүүлэх зэрэг шүүмжлэл гарч байгааг дурдаад, Нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг өгсөн байна.
Монголбанкны мэдээлснээр банкны системийн нийт актив 84.8 их наяд төгрөг, нийт зээлийн хэмжээ 44.8 их наяд төгрөг, салбарын цэвэр ашиг 306.3 тэрбум төгрөг байгаа аж. Төв банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Элчин сайдууд үндэсний язгуур эрх ашгаа ямагт дээдэлж, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:
- Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанжавын Өлзийт,
- Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вашагийн Оюу,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа





Хэн юу хэлэв...
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах, Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар тусгасан. Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой дээрх томоохон төслүүд санхүүжилттэй холбоотой зогсонги байдалд орсон.
Иймд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн учир хуулийн төслийг боловсруулсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг баталснаар стратегийн чухал ач холбогдолтой дотоодын бензин, түлшний хэрэглээний 55 хувийг хангах, Газрын тосны үйлдвэр, баруун таван аймгийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн УЦС гэсэн дээрх хоёр томоохон төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж Сангийн яамнаас мэдээллээ.
